С.Чулууншагай: Атрын IV аянд ач холбогдол өгч, малын тэжээл тариалахад түлхүү анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөний үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Чулууншагайтай ярилцлаа.
-Баян-Өндөр суманд газар тариалангийн үй ажиллагаа хэр идэвхтэй өрнөж байна вэ?
-Манай суманд 1991 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа унтарсан байсан. 2020 онд сумын хоёр иргэн тухайн үеийн Сум хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн зээл авч, малын тэжээл тариалалтыг сэргээсэн юм. Одоогийн байдлаар нийтдээ 883 га газрыг газар тариалангийн чиглэлээр эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Мөн 37 иргэнээс 1473 га газрын хүсэлт ирүүлсэн. Үүнээс харахад газар тариалангийн үйл ажиллагаа харьцангуй сэргэсэн гэж хэлж болно.
Сумын хэмжээнд газар тариалангийн талбай их багатай, 1600 га орчим байдаг. Одоо ашиглаж байгаа талбай дээр нэмээд иргэдээс ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэх гэхээр 2200 гаруй га талбайн хэрэгцээ үүсэж байгаа. Тэгэхээр газрын эрэлт хэрэгцээ л их өндөр байна.
- Атрын IV аяны хүрээнд ямар ажлууд төлөвлөж
байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Атрын IV аяныг эхлүүлж байна. Энэ хүрээнд атар
газрыг шинээр эргэлтэд оруулж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх
боломжийг нээж байгаа учраас цаг үеэ олсон чухал шийдвэр гэж үзэж байгаа.
Газар
тариалан эртнээс хөгжсөн, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Хархорин гэх мэт
сумдыг манай сум яаж гүйцэх вэ, гэхдээ ойролцоо сумдтайгаа харьцуулахад үлгэр
жишээ болохуйц ажлаараа түрүүлж яваа гэж хэлж болно.
Тал хээрийн бүсэд оршдог, бэлчээрийн мал аж ахуй дагнан эрхэлдэг сумын хувьд малчид иргэдээ аль болох отор нүүдлээр явуулахгүй, цаг хатуу үед бэлэн байдлыг хангах үүднээс Атрын IV аянд ач холбогдол өгч, малын тэжээл тариалахад түлхүү анхаарч ажиллана.
-Ойролцоо сумдаасаа түрүүлж алхаж байгаа гэлээ. Тодруулбал, ямар ажлыг үлгэр жишээ болгосон бэ?
-Хархориныг эс тооцвол 800 гаруй га атаршсан талбайг эргэлтэд оруулаад дахиад 1400
га талбайн хүсэлт өгчихөөд байгаа сум манайхаас өөр байхгүй. 1990 оноос өмнө
газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан талбайтай, туршлагатай сумын
хувьд бусдаас арай илүү байна л даа. Бусад сум дээд тал нь 500 га талбай ашиглаж
байх шиг байна.
Манайх 1500 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулсан байхад малын тэжээл тариалалтаар сумынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй, ойролцоо сумдын зах зээлд нийлүүлэх боломж харагдаад байгаа юм.
-Иргэдэд газар тариалан эрхлэхэд нь ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Бид газрыг тусгай хэрэгцээнд аваад газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг иргэддээ олгосон. Ихэвчлэн овьёос, буудай тарьж байгаа. Гэхдээ төрийн мэдлийн газрыг түрээсээр ашиглаж байгаа учраас хэд хэдэн үүрэг хүлээлгэсэн. Тухайлбал, Хүнсний хувьслын хүрээнд нийт ашиглаж байгаа талбайнхаа хоёр хүртэлх хувьд төмс, хүнсний ногоо тариална. Ингэснээр манай сум төмснийхөө хэрэгцээг бараг 100 хувь хангаж байна.
-Ер нь суманд газар тариаланг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал юу байна вэ?
-Хууль тогтоомжийн зарим ойлгомжгүй заалтууд байдаг. Жишээлбэл, газрыг
эзэмшихээр бол заавал дуудлага худалдаагаар авна. Энэ нь харьцангуй өндөр
үнэтэй тусдаг учраас хүмүүс тэр бүр энэ салбар руу орохгүй байна. Газраа үнэтэй
аваад дээр нь техник хэрэгсэл авах учраас шинэ хүмүүст боломж муу байдаг.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Газрыг тусгай хэрэгцээнд авч болох юм байна” гэх зөвлөмжийг сумдад хүргүүлснийг манай сум соргогоор хүлээн авч ашиглаж чадсан гэсэн үг.
Нэгэнт манай улс бэлчээрийн мал аж ахуйн орон болохоор малчин өрх бүрийг өвөлжөө, хаваржааныхаа газарт малын тэжээл тарих эрхзүйн орчныг шинэчлэн бүрдүүлж өгмөөр байгаа юм. Одоо бол өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 1000 м.кв талбайд өвс тэжээл, төмс, хүнсний ногоо тарих боломжтой. Үүнийг 5 хүртэлх га талбайгаар нэмэгдүүлж, олон наст ургамал тариалахаар бол арай том талбай, нэг наст ургамалд арай бага гэх мэтээр зохицуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна.
-Усалгаагаа хэрхэн шийдэж байна вэ?
-Манай газар тариалангийн бүс нь сумынхаа хойд талд байдаг. Байгалийн хур элбэг буудаг
газар учраас байгалийн усалгаагаар болчихдог. Мөн Борхужир гэх хуучны далан, хөв
цөөрөмтэй газарт төмс, хүнсний ногооны усалгаатай газар тариаланг хөгжүүлэхээр
ажиллаж байна.