Олон улсын цэргийн сургагч багш нар Монгол цэргийнхний суралцах чадварыг сайшаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬКанад улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цэргийн сургалт хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол Улс болон Канад улсын БХЯ хоорондын байгуулсан гэрээний дагуу 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр Санзайн амны Багабаян дахь "Энхийн төлөө" цогцолбор төвд "Олон нийттэй харилцах ажиллагаа" сургалт болж өндөрлөв.
Сургалтад оролцсон 8 улсын улсын цэргийнхэнтэй Хэвлэл мэдээллийнхэн нөхөрсөг уулзалт хийсэн юм.
Монгол Улс, Пакистан, Филиппин, Бангладеш, Балбын 60 гаруй офицеруудад Канад, Украйн, Бразилийн сургагч багш нар номын дуу сонсгож зэвсэг нэгт ахан дүүс болтлоо дасчээ.
Канад улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч, хатагтай Нэнси Фостор, Монгол Улсын БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, хэлтсийн дарга, бригадын генерал Даваадорж, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын Цэрэг иргэний хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг нарын албаныхан сургалтаа амжилттай өндөрлөсөн офицеруудад сертификат батламж, дурсгалын зүйл гардуулан өгч баяр хүргэв.
Сургагч багшаар ажилласан Канадын Үндэсний БХЯ-ны Ажиллагааны удирдлагын газрын ажилтан, ноён Жайн Нерон, Канадын Хуурай замын цэргийн штабын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, хошууч, хатагтай Никол Месзарос, Петавава гарнизоны Олон нийттэй харилцах албаны ажилтан, хатагтай Дафни Тиркотте, Украйны Цэргийн төв телевиз, радиогийн Олон нийттэй харилцах албаны ажилтан хошууч, ноён Олексий Мазурин, Бразилийн Тэнгисийн цэргийн Олон нийттэй харилцах албаны ажилтан, тэнгисийн цэргийн дэслэгч Родриго Стреб нар Монгол цэргийн алба хаагчид заасныг овсгоотой сурах чадвараараа бусад орноос давууг сайшаав.
Элчин сайдын хэргийг түр хамаарагч, хатагтай Нэнси Фортор "Канадын Засгийн газрыг төлөөлж сургалтын хаалтад оролцож байгаадаа баяртай байна. Сургалтад оролцсон цэргийнхэнтэй уулзахад маш амжилттай боллоо гэсэн үгийг сонслоо. Энэ нь Канад Монголын найрамдал, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй юм. Сургалтыг амжилттай зохион байгуулсан Монголын БХЯ, ЗХЖШ-т баярлалаа" гэв.
Ноён Жайн Нерон "Монголд буунгуутаа сургалтынхаа тухай БХЯ-ны удирдлагуудтай ярилцахад маш өөдрөг сэтгэлээр угтсан. Сургалтыг монголд анх удаа амжилттай зохион байгууллаа.Энэ удаа зөвхөн хэвлэл мэдээлэл, соёлын ажилтнууд хамарсан. Цаашид өөр олон салбар, сэдвээр сургалт явуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Бид өмнө Канадад цэргийн эрдэм, англи хэлний сургалтад Монгол цэргийн алба хаагчдыг сургасан. Монголын суралцагсад сайн, манлайлагчид байсан. Энэ удаа Улаанбаатарын цэргийн хүрээнийхэн хамрагдсан тэд ч бас үлгэр жишээч байж чадлаа" хэмээн онцлов.
Сургагч багш, хатагтай Дафни Тиркотте "10 хоногийн сургалтаар Канадын туршлагаар зогсохгүй Украйн, Бразилийн багш нар туршлага хуваалцлаа. Сургалтад оролцсон 8 орны төлөөлөгч Монголын соёлын их өв, түүхийн талаар нэлээд мэдээлэл авлаа. Бид цаашдын хамтран ажиллах боломжоо бүрэн нээлээ" гэв.
-МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, БХЯ, ЗХЖШ нь дэргэдээ " Хар сүлдний хийморь" сэтгүүлч, уран бүтээлчдийн холбоо байгуулан дэмжиж ажиллаж эхэлсэн. Танай оронд ийм хэлбэрийн харилцаа, хамтын ажиллагаа байдаг уу...байдаг бол туршлагаасаа сонирхуулаач?
-Канадын хошууч, хатагтай Никол Месзарос "Канадад Монголын нэг адил цэргийн сэдвээр бичдэг сэтгүүлчид байдаг. Бид цэргийн сэдвээр олон жил бичсэн туршлагатай сэтгүүлчийг сонгож хамтран ажилладаг. Мэдээллийн бие даасан байдлыг их анхаардаг. Цэргийнхэн бид сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл өгч, сэтгүүлчид олон нийтэд мөн л зөв мэдээлэл түгээхэд анхаардаг. Танайхаас ч авах туршлага их байна. Бид цаашдын олон улсын сургалтдаа танай туршлагаас авч хөтөлбөртөө тусган ажиллана гэж хариуллаа.
Манай оронд анх удаа ирсэн ч байгалийн содон өнгө, өвөрмөц цаг улирлыг мэдэрч, Цонжин болдогт очиж Чингис хааны сүрлэг хөшөө цогцолборыг үзэн биширч, орой бүр орон орныхоо дуу хуур, соёлын тоглолт хийж, монгол үндэсний хувцас, ахуй соёл, дуу хөгжмийн чадварлаг тоглолтыг гайхан бахархлаа хэмээн ярих Пакистан, Филиппин, Бангладеш, Балбын цэргийнхэнтэй зураг хөргөө татуулж нэрийн хуудсаа солилцон найзлав.
Пакистанаас дэд хурандаа Сажид Хаваз, хошууч Канвал Сажид Хавал, хошууч Kанвал Kиани, Mисбах Aттуеги, Хасееб Mд Норул, Бангладешээс дэд хурандаа Ислам Mомен Уллан, Хасан Moхаммад, хошууч Рахман Moхаммад, Балбаас хошууч Bиста Kaмал Синох, ахмад Деула Санжа, Kарки Рисхау, Филиппинээс дэд хурандаа Maринеч Р Доминго, хошууч Целеста Фрэнк Сайсон, Mарчилено Жесус Габусос, ахмад Жемира Kдай нарын офицерууд ирж монгол нөхөдтэй болсондоо баярлан талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байв.
Ийнхүү олон улсын цэргийн сор болсон офицеруудтай оройн зоог бариад дахин уулзахын өлзийтэй ерөөл тавин салсан юм.
"Эр хүний замын хүзүү урт" гэгчээр бид дэлхийн хаа нэгтээ ахин дахин учрах л буйзаа...
Ж.Батсайхан