Алга болсон залууг хайсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-03 14:16:01

ОБЕГ-т Ховд аймгаас нэгэн залуу алга болсон тухай шуурхай дуудлага ирсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй болсон залууг ар гэрийнхэн нь  хайгаад олоогүй тул аймгийнхаа аврагчдад ханджээ. 

Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчныхаас 22 настай залуу алга болсон тул  аймгийн цагдаагийн газарт ч бас мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр  алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ. Одоогоор тус нуурын ойр орчмыг нь самнан хайж,  нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻