К.Роналду хамгийн их орлоготой тамирчнаар дахин тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-16 10:10:00

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 16 /Reuters/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан, харин тамирчны замналдаа тав дахь удаагаа тэргүүллээ.


Саудын Арабын Аль-Наср клубт шилжсэний дараа К.Роналдугийн нийт орлого 275 сая орчим ам.доллар болжээ. Португал довтлогч мөн компаниудтай хамтран ажилласан, нийгмийн сүлжээнд олон дагагчтай олны танил хүний хувиар байгуулсан гэрээ зэргээс 15 сая ам.доллар олжээ. Тэрбээр тавдугаар сарын байдлаар нийт 939 сая дагагчтай байна.


Харин энэ оны гуравдугаар сард NBA-ийн түүхэнд гурван онооны шидэлтийг 4000 удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тоглогч болсон Стефен Көрри 156 сая ам.долларын орлогоор чансааны хоёрдугаарт бичигджээ. Гуравдугаарт боксчин Тайсон Фьюри (146 сая ам.доллар) эрэмблэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард дэлхийн хүнд жингийн аварга цолыг Александр Усикт алдсан хэдий ч Мальта улсын аялал жуулчлалын салбарыг сурталчлахад хамтран ажиллах гэрээ  болон Netflix”-ийн реалити шоуны ачаар орлого нь нэмэгджээ.


Тэдний араас Хойд Америкийн Үндэсний хөл бөмбөгийн лигийн “Даллас Ковбойс багийн холбон тоглогч Дак Прескотт (137 сая ам.доллар) дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси өнгөрсөн оныхтойгоо ижил буюу 135 сая ам.долларын орлогоор жагсаалтын тавдугаар байр луу ухарчээ.


Харин “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч ЛеБрон Жеймс 133.8 сая ам.долларын орлогоороо зургаадугаарт бичигдсэн байна. Түүний араас Америкийн мэргэжлийн бейсболын “Нью-Йорк Метс” багийн тоглогч Хуан Сото 114 сая ам.долларын орлогоор долоодугаарт жагсжээ. Өдгөө 26 настай доминикан тамирчин 765 сая ам.долларын өртөг бүхий 15 жилийн гэрээ байгуулсан нь бейсболын түүхэн дэх хамгийн том гэрээ юм.


Саудын Арабын “Аль-Иттихад” багт тоглодог франц довтлогч Карим Бензема 104 сая ам.долларын орлогоор наймдугаарт бичигдсэн бол Японы тамирчин, Лос-Анжелес Доджерс багийн тоглогч Шохэй Охтани 102.5 сая ам.долларын орлогоор есдүгээрт жагслаа. Харин NBA-ийн Финикс Санс”-ын тоглогч Кевин Дюрант 101.4 сая ам.долларын орлогоор эхний 10-т багтжээ.


相关新闻