Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуульчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-27 14:27:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тус хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна.


Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насныхан буюу хүүхэд залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.


 Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудал нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байна.


Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах хууль зүйн баталгааг бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна гээд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаар болон гадаад улс орнуудын зохицуулалтын жишиг, хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал зэргийг танилцуулгадаа онцоллоо.  

 

Хуулийн төсөлд “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс, хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага, Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлыг хуулийн төсөлд тусгасан талаар танилцуулав.

 

相关新闻