Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-04 11:14:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн монгол хүний мөн чанарын илэрхийлэл болсон номуудыг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа.


Энэ нь Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл, дэлхийн уншигчдад монгол хэл, соёлыг сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулах чухал алхам болж байгаа юм.


С.Эрдэнэ Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 онд төрсөн. Хүүрнэл зохиолын нэр төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч маань хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ чадамгай задлан шинжилж, уран үгээр дүрийг гайхалтай бичдэг уран бүтээлч юм. Монголын шинэ үеийн уран зохиолын богино өгүүллэгийн мастер тэрээр “Амьдралын тойрог”, “Баянбүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг бүтээлүүдээ хэвлүүлж, 1965 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.


 

Дэлхийн хамгийн томд тооцогдох, АНУ-ын Конгрессын номын санд 470 гаруй хэлээрх материал хадгалагддаг. Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зорилгоор эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ.


Монгол хэлээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимдаа байршуулдаг нь манай соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэн, судлаачдад үнэт эх сурвалж болдог билээ. 


相关新闻