“Nvidia” дахин хамгийн үнэ цэнтэй компани болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /CNBC/. Америкийн “Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээр “Microsoft”-ыг гүйцсэнээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани цолоо эргүүлэн авчээ.
Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа мягмар гарагт 3 хувиар өсөж,
141.40 ам.доллар болсон бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 24 орчим хувиар өссөн байна.
“Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ 3.45 их наяд ам.долларт хүрчээ. Харин мягмар гаргийн арилжаа хаагдах үед “Microsoft”-ын үнэлгээ 3.44 их наяд ам.доллар байв.
“Nvidia” өнгөрсөн зургаадугаар сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг “Apple” болон “Microsoft”-той ээлжлэн тэргүүлж байгаа юм. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 24-нд “Nvidia” хамгийн үнэ цэнтэй компани болж байв.
“ChatGPT” чатботыг хөгжүүлэхэд “OpenAI” компанийн ашиглаж буйтай адил хиймэл оюуны чипүүд нь “Nvidia”-гийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм. “Microsoft”, “Meta”, “Google”, “Amazon”, “Oracle”, “xAI” зэрэг компаниуд хиймэл оюуны дэвшилтэт технологиудыг бүтээхийн тулд “Nvidia”-гийн чипүүдийг асар их хэмжээгээр худалдан авах болжээ.