Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нар дурсгалын мод тарив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчдын нэрэмжит төгөл байгуулсныг хэллээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн албан үүргээ гүйцэтгэж байх үеэрээ Монголын энхийг сахиулагчидтай уулзаж байснаа санан дурсаж, энхийг сахиулагчдыг хүндэтгэн төгөл байгуулсанд талархал илэрхийлэв. Энэ үеэр Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын зөвлөл, Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, НҮБ-ын нийгэмлэгийн гишүүн залуучууд, Ойн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хамт мод тарилаа.
Энхийг сахиулагчдын төгөлд 2022 онд Монгол Улсад айлчилсан
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мод тарьж байсан юм гэж ЕТГ-аас мэдээллээ.