Флоридачууд Стэнлийн цомыг дахин өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-18 12:04:27

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 18. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны финалын цувралын 6 дахь тоглолтод “Флорида” багийн хоккейчид “Эдмонтон” багийг 5:1 харьцаагаар хожсоноор хоёр дахь удаагаа дараалан Стэнлийн цомыг хүртлээ.


Ялалт байгуулсан “Флорида Пантерз” багаас  Сэм Райнхарт (5, 38, 54, 55 дахь минут), Мэттью Ткачук (20) нар, хожигдсон Канадын “Эдмонтон Ойлерз” багаас Василий Подколзин (56) тус тус гоол оруулжээ. “Флорида”-д тоглож буй Оросын хаалгач Сергей Бобровский 28 удаагийн цохилтыг хааснаар тоглолтын бас нэгэн од боллоо.


АНУ ба Канадын багууд хоёр дахь удаагаа финалдсан бөгөөд энэ удаагийн цувралд америкчууд 4:2-оор давамгайлснаар Стэнлийн цомыг хүртэв.

Энэ улирлын плей-оффын цувралын шилдэг довтлогчоор “Эдмонтон”-д тоглож буй Германы хоккейчин Леон Драйзайтль шалгарсан бөгөөд тэрбээр нийт 22 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, 23 оновчтой дамжуулалт өгснөөр 34 оноо авчээ.   


Хоёрдугаар байрт Драйзайтлийн багийн анд Коннор Макдэвид /7 гоол + 26 оновчтой дамжуулалт, нийт 33 оноо/ бичигдсэн бол Оросын довтлогчдоос “Каролина” багийн Андрей Свечников (12; 8+4) хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.  


Мөн “Флорида”-гийн Сэм Райнхарт Стэнлийн цомын финалын нэг тоглолтод 3 ба түүнээс дээш тооны шайб оруулсан түүхэн дэх дөрөв дэх тоглогч боллоо. Өмнө нь Канадын хоккейчид болох Жек Дарра (1920), Бэйб Дай (1922), Марк Стоун (2023) нар дээрх амжилтыг үзүүлжээ.  


Түүнээс гадна 2024/25 оны улирлын плей-оффт “Флорида” багийнхан 95 шайб оруулснаар 95 ба түүнээс дээш тооны гоол оруулсан түүхэн дэх дөрөв дэх баг боллоо. Өмнө нь "Эдмонтон" (98 гоол; 1985 он), "Нью-Йорк Айлендерс" (97 гоол; 1981 он), "Питтсбург" (95 гоол; 1991 он) багууд ийм амжилтыг үзүүлж байв.

相关新闻