Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-23 09:52:14

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 19-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа.


УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар танилцуулав. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ.


Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

相关新闻