Монгол ажилчдыг илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-07 15:30:15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Оюутолгойн гүний уурхайн төсөлтэй танилцах үеэрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас авч, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг гүний уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажиллагчдын 90 гаруй хувь нь монголчууд, 23 хувь нь орон нутгаас байгаа ажээ.  Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар 852 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2020 онд эхлэх ажээ.

Оюутолгойн уурхай 2017 он гэхэд үйлдвэрийн 2 дугаар босоо ам, агааржуулалтын 5 дугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2016 оны эхний 9 сард 226.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх улирлаас 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.

Оюутолгойн аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.

Д.Мишигсүрэн

 

相关新闻