Монгол-Британийн парламентын бүлгийнхэн ИБУИНХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам, тус бүлгийн гишүүдийн хамт ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам төлөөлөгчидтэй Улаанбаатар хотноо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг урив. Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар УИХ-ын даргын Британи Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан болохоо Ч.Ундрам гишүүн дурдаад, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал байсныг тэмдэглэлээ. ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг энэ удаагийн айлчлал ч хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал үр нөлөөтэй хэмээв.
Ноён Фабиан Хамильтон, УИХ дахь Монгол-Британийн парламентын
бүлгийн дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Уулзалтын
үеэр хоёр талын боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын
ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газраас
аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн голлох салбаруудын нэг хэмээн үзэж,
2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улсад 30
хүртэл хоногоор зорчих гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж,
Британи Улсын бүх төрлийн паспорттай иргэд визгүй зорчих боломжтой болсныг
тэмдэглэж байв. Мөн аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоо, эдийн засгийн
эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой “Агаарын харилцааны тухай Монгол
Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн
газар хоорондын хэлэлцээр”-т талууд 2024 онд шинэчилсэн болохыг дурдаж байв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн
парламентын бүлгийн дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн
парламентын бүлгийн гишүүн Д.Бум-Очир, М.Мандхай, М.Сарнай болон ИБУИНХУ-ын
парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан
Хамильтон, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент
дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн гишүүн Тан Деси, Фил
Брикелл, Жэймс Уайлд, Британийн парламентын Лордын танхимын гишүүн, Британийн
парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн гишүүн Баронэс
Нортовер, Лорд Кромуэл, мөн албаны бусад хүмүүс оролцов хэмээн УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.