Хиймэл дагуул хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 15:15:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон УИХ-ын гишүүн, тус  байнгын хорооны гишүүн Ч.Анар, С.Цэнгүүн нар Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийтийн засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд D-Parliament.mn цахим платформ, D.Petition, Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг 2022 оноос нэвтрүүлсэн нь ардчилал хөгжсөн улсуудын жишигт нийцэж, иргэд, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлсэн талаар танилцууллаа.

Цаг тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цахим эриний хөгжилд нийцүүлж салбарын суурь хуулиудыг батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цахим болон кибер аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд бодлогын түвшинд ажиллаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хиймэл дагуулын ашиглалтын хурдасгуур төвийн удирдлагуудтай хамтарч хиймэл дагуул хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд энэ хүрээнд Монгол Улс Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор байгуулж, цогцолборыг түшиглэн хиймэл дагуул хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломж байгаа талаар дурдлаа.

 

Британийн Парламент дахь Олон улсын Парламентын холбооны төлөөлөгчид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа нь улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, уул уурхай зэрэг салбаруудад эрчимтэй тэлж байгааг тэмдэглэхэд нэн таатай байгаагаа илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



相关新闻