УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 09:23:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ болон Олон улсын парламентын холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлэг энэ сарын 23, 24-нд боллоо.

 

Тус уулзалт-хэлэлцүүлгийн дараа УИХ дахь 4 намыг төлөөлсөн эмэгтэй гишүүд Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Номин, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, М.Мандхай, Х.Баасансүрэн, Б.Жаргалан, С.Замира нар оролцлоо. УИХ-ын гишүүн Ч.Номин уулзалтын эхэнд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулагдсаны 136 жилийн ой, Эмэгтэй парламентчдын форумын 40 жилийн ой болон Олон улсын парламентын өдрийн мэндийг УИХ-ын гишүүдийн өмнөөс дэвшүүлж, уулзалтад оролцож байгаа гишүүдийг танилцуулав.

 

Тэрбээр, нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтооход парламентын үйл ажиллагаа голлох үүрэгтэй бөгөөд эрх тэгш байдал, иргэдийн оролцоо, олон талын төлөөллийг хангасан байх нь чухал ач холбогдолтойг тодотгов. 1992 оны УИХ-ын анхдугаар сонгуулийн дүнгээр 76 гишүүн сонгогдсоны 3 нь эмэгтэй гишүүн байсан. Харин 2023 онд нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах, сонгогчдын саналыг гээхгүй байх, парламентын гишүүдийн төлөөллийн чадавхыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд 2024 оны УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 126 гишүүний 32 нь эмэгтэй гишүүн байсан. Парламентын 25.4 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлж байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар тэргүүлэгч орны нэг болоод байна гэлээ.

Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийн төлөөлөл Парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн гарын авлагыг танилцуулав. Энэхүү гарын авлагад эмэгтэй гишүүдийн парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж, арга, туршлага багтсан байгаа бөгөөд эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа иргэний нийгмийн байгууллагуудтай илүү ойр ажиллавал зохистой байдаг талаар дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

相关新闻