Б.Дэлгэрсайхан: Автотээврийн салбар материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болон хөгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн"-ийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Бид өнөөдөр 100 жилийн түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож, бахархалт мөчийг угтаж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноос хойших нийгэм шинэ тогтолцоонд шилжих хугацаанд автотээврийн ихэнх байгууллага, тээврийн хэрэгсэл хувийн хэвшилд шилжиж, автомашины тоо эрс нэмэгдэж, шинэ хийц загварын хурд, хүчтэй болон хүнд даацын хөдлөх бүрэлдэхүүнтэй болж, авто замын сүлжээ өргөжин тэллээ. Гадаад, дотоодын зах зээлд тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, жолоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 17 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх гарцыг нээж, Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд тээвэрлэлтийг гүйцэтгэдэг боллоо. Ингэснээр үндэсний тээврийн сүлжээг бүрдүүлэгч Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж буй материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болон хөгжиж байна" гэв.
Тус зөвлөгөөнд 21 аймгаас 1000 гаруй төлөөлөгч оролцож, зөвхөн өнгөрсөн 100 жилийн амжилтыг тэмдэглэх биш, харин ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэж байна.
Мөн энэхүү зөвлөгөөнөөс автотээврийн салбарынхны ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн үнэтэй зөвлөмж, шинэ санааг тусгах юм.