Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум ФЕАЛАК ба Монгол Улс

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-19 10:53:52

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025-2027 онд Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ыг даргалж, энэ сарын 20-22-нд тус форумын Гадаад хэргийн сайд нарын X уулзалт, дээд түвшний албан тушаалтнуудын уулзалтыг зохион байгуулна. Үүнтэй холбоотой шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаярын бичсэн нийтлэлийг хүргэж байна.


Орчин үеийн олон талт дипломат ажиллагаанд шинэ чиг хандлага, өөрчлөлтүүд гарсаар байна. Үүнд, цэргийн дипломат буюу энхийг сахиулах ажиллагаа, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, онцгой байдал, хямралын үеийн бэлэн байдал, шуурхай удирдлага, бүс нутгийн интеграциуд хоорондоо холбогдож тив дамнасан хамтын ажиллагааны шинэ форматыг буй болгож байна. Түүнчлэн АНУ, Монгол, Японы гурван талт хамтын ажиллагааны формат, АНУ, Япон, Энэтхэг, Австралийн дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ, Хятад+Төв, Зүүн Европын орнуудын уулзалт, Хятад+Африкийн чуулган, Хятад+Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын уулзалт зэргийг дурдаж болно. Дипломат ажиллагаанд оролцогч субьектүүд өргөжиж, шийдэх асуудал олширч, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, зээл, мэдээлэл-холбооны технологи, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, экологийн асуудал шинэ үүрэг гүйцэтгэх болсон нь сонгодог буюу уламжлалт дипломат ажиллагаа дангаар эдгээрийг шийдэх боломжгүй болов. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үрээр дижитал үйл явц дипломат ажиллагаанд нэвтрэх нь эрчимжиж digital diplomacy, digital embassy, digital ambassador, online freedom, digital secretariat буй болов. Facebook, twitter diplomacy улс орнуудын иргэдийн санаа бодол, сонгуулийн үйл явцад хүчтэй нөлөөлж эхлэв. Өнгөт хувьсгалын гол локомотив нь social media network гэдэг нь ойлгомжтой болов. Дижиталчлал батлан хамгаалах, тагнуулын байгууллагуудын үйл ажиллагаанд маш хүчтэй нэвтэрч байна.


Эдгээр нь олон тулгуурт дипломат ажиллагааны шинэ чиг хандлагыг харуулаад зогсохгүй олон хэмжээст дипломат ажиллагааны парадигмыг өөртөө агуулж байгаа юм. Түүгээр зогсохгүй бүс нутгийн тулгамдаж буй асуудлыг дунд хүчний бүлэг улс орнууд их гүрнүүдийн харьцангуй оролцоогүй залж жолоодох, шийдэх гадаад бодлого явуулахыг эрмэлзэж байна. Энд тив дамнасан хамтын ажиллагааны шинэ хэлбэр Зүүн Ази-Латин Америк хамтын ажиллагааны форум ФЕАЛАК ба Монгол Улсын хамтын ажиллагааны тухай хөндөхийг зорив.


ФЕАЛАК-т нэг талд Зүүн Азийн интеграцийн байгууллага АСЕАН, түүний гишүүн 10 орон, БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Австрали, Шинэ Зеланд, нөгөө талд Латин Америкийн Бразил, Аргентин, Парагвай, Уругвайн жинхэнэ гишүүнчлэлтэй (эвлэлдсэн гишүүд Чили, Колумби, Эквадор, Перу, Гайана, Суринам, ажиглагч Мексик, Шинэ Зеланд ) хамгийн том чөлөөт худалдаа, нэгдсэн зах зээлийн “MERCOSUR”, Андын нурууны гаалийн холбооны Хамтын нийгэмлэг (Andean Community: Боливи, Колумби, Перу, Эквадор), Карибын тэнгисийн интеграцийн байгууллагын (CARICOM or Caribbean Community) зарим орон ордог,  тиймээс Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой.

 

Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны үндэс суурь тавигдсан нь

Сингапурын Ерөнхий сайд Го Чок Тонг Чили улсад 1998 оны есдүгээр сард албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эдуардо Фрейд хандаж, хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэх санаачилгыг анхлан гаргаж, Зүүн Ази, Латин Америкийн холбогдох яамдын ахлах албан тушаалтнуудын анхны форум ЕАЛАФ-ыг 1999 оны есдүгээр сард Сингапурт зохиосноор ФЕАЛАК-ын үндэс суурийг тавьжээ. 


ФЕАЛАК нь Зүүн Ази, Латин Америкийн хооронд хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээг өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан албан ёсны яриа хэлэлцээний байнгын механизм бөгөөд Засгийн газар хоорондын олон талт дипломат яриа хэлэлцээний форумд эдүгээ 36 орон багтаж байгаагаас 16 нь Зүүн Ази-Номхон далайн буюу АСЕАН-ны гишүүн Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Япон, БНСУ, БНХАУ, Монгол, Австрали, Шинэ Зеланд, 20 нь Латин Америкийн 1999 оны анхны гишүүн улс Аргентин, Боливи, Бразил, Чили, Колумб, Панам, Перу, Уругвай, Парагвай, Венесуэл, Мексик, Куба, Эквадор, Коста Рика (2001), Эл Салвадор (2001), Гватемал (2004), Никарагуа (2004), Доминиканы БН улс (2007), Гондурас (2011), Суринам (2011) улс хамтран ажиллаж байна.


Тив дамнасан хамтын ажиллагааны байнгын механизм ФЕАЛАК нь гурван түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд,

-Хоёр тивд ээлжлэн 2 жил тутамд зохиогддог Гадаад хэргийн сайд нарын уулзалт,

-Ахлах мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалт,

-Хамтарсан ажлын хэсгийн уулзалт багтдаг. 


Ажлын гурван хэсгийн түвшинд гишүүн орнууд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зөвлөмж, шийдвэр гаргадаг. Үүнд,

-Улс төр, соёл, боловсролын ажлын хэсэг,

-Эдийн засаг, нийгмийн салбарын ажлын хэсэг,

-Шинжлэх ухаан-технологийн ажлын хэсэг байна. 


ФЕАЛАК зорилгоо тодорхойлохдоо Зүүн Ази-Латин Америк хоорондын хамтын ажиллагааг бүх талаар дэмжих, харилцан ойлголцлыг өргөн хүрээнд гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засгийн амин чухал асуудлаар яриа хэлэлцээг бүх салбарт илүү үр ашигтай, найрсаг харилцааны шинэ дэг журмын үндсэн дээр бүтээн байгуулна гэжээ. ФЕАЛАК бүс нутгийн улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрхтэй, харилцан ашигтай, хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавих, улс бүрийн ялгаатай соёл иргэншил, амьдралын онцлог, аж төрөх ёсыг ойлгон  хүндэтгэх, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргана гэж үйл ажиллагааны баримтлах зарчмаа тодорхойлжээ.


ФЕАЛАК зорилтоо томьёолохдоо “Гишүүн орнуудын хооронд харилцан ойлголцлыг нэмэх, итгэлцэл, улс төрийн яриа хэлэлцээ, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, шинжлэх ухаан-технологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёл, боловсрол, спортын салбар дахь хариуцлагатай, эмх цэгцтэй олон талт дипломат ажиллагааны хүч чадавхыг илрүүлэх, хүн хоорондын солилцоог өргөжүүлэх, нийтлэг ашиг сонирхлоо удирдлага болгон, ялгаатай байдлыг хамтын хүчээр даван туулж, олон улсын улс төр, эдийн засгийн зангилаа асуудлыг өргөн хүрээнд шийдэх нийтлэг үндсийг тавихад оршино” гэжээ. 


Хоёр тивийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн динамик нь бие биеэ харилцан нөхөх боломжтойд оршиж байгаа ажээ. Бүс нутгийн хамтын ажиллагааны глобал хандлага нь Зүүн Ази-Латин Америкийн хооронд тив дамнасан хамтын ажиллагаа шаардлагатайг нотолж байгаа бөгөөд учир нь өнөөг хүртэл хоёр бүс нутгийн хооронд хамтын ажиллагааны албан ёсны байнгын механизм байхгүй явж ирсэн явдал юм.


Хоёр бүс нутгийн Гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалт Чилийн нийслэл Сантьяго хотноо 2001 оны гуравдугаар сард болж, ЕАЛАФ нэрээ албан ёсоор ФЕАЛАК хэмээн өөрчилж, үйл ажиллагааныхаа зорилго, зорилт, зарчмаа тодорхойлсон үндсэн баримт бичгээ гаргажээ. Филиппиний нийслэл Манила хотноо 2004 оны нэгдүгээр сард болсон гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын II чуулга уулзалтаар хоёр бүс нутгийн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэгтгэсэн “Манила: Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлав. Гадаад хэргийн сайд нарын III чуулган Бразилийн нийслэл Бразилиа хотод 2007 оны наймдугаар сард болж, ойрын ирээдүйн хөгжлийн чиг баримтлалын талаарх Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрөө баталжээ. 


ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын IV чуулган Японы нийслэл Токио хотноо 2010 оны нэгдүгээр сард болов. Чуулганаас гаргасан Токиогийн Тунхаглалд тэмдэглэхдээ ФЕАЛАК-ын 10 жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж,  үүнээс нааших ойрын ирээдүйд тулгарах боломж хийгээд сорилтыг тодорхойлсон байна. Өнгөрсөн хугацаанд хоёр бүс нутгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа эрс өсч ирснийг онцлон тэмдэглэжээ. Өнөөдөр ФЕАЛАК-д дэлхийн хүн амын 40 хувь, эдийн засгийн 26 хувь, худалдааны 40 хувь ногдож байна гэжээ.


Тунхаглалд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг шийдэхэд Их 20-ийн бүлгийн орнууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд, ДХБ-ын Дохагийн үе шатны хэлэлцээний хэрэгжилтийг урагшлуулах, 2009 оны есдүгээр сард болсон Их 20-ийн бүлгийн Питтсбургийн дээд түвшний уулзалтаас гаргасан “Хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлт”-ийн хүрээг бүрэн дэмжсэн байна. Ажлын гурван хэсгийн үйл ажиллагааны чиглэлийг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:


Нэг. Улс төр, соёл, боловсрол, спортын ажлын хэсэг:

-Судалгаа-шинжилгээ, соёл, оюуны солилцоо;

-Парламентчид, бодлого боловсруулагчид, сэтгүүлчдийн солилцоо;

-Байгаль хамгаалах ухамсарыг дэмжих;

-Спортын солилцоог өргөжүүлэх;


Хоёр. Эдийн засаг, нийгмийн ажлын хэсэг:

-Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил;

-Ядуурлыг бууруулах, нийгмийн халамж;

-Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;

-Мэдээлэл, харилцаа-холбооны технологийг өргөжүүлэх;

-Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих;

-Аялал, жуулчлал;

-Олон улсын хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн;

-Дэд бүтэц ба интеграци;


Гурав. Шинжлэх ухаан, технологийн ажлын хэсэг:

-Шинэ болон сэргээгдэх эрчим хүч;

-Хүлэмжийн хийг бууруулах технологи;

-Гамшгийн эрдэслийг багасгах менежмент;

-Технологийн инноваци;

-Өвчний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах эдгээр болно гэжээ.


НҮБ-ыг шинэчлэх, Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүдийн эгнээг тивийн төлөөллөөр өргөтгөх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хүний эрх, цаг уурын өөрчлөлт, хил дамнасан гэмт хэргийн талаар тодорхой зорилтууд тусгасан байна. ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын V чуулган Аргентины нийслэл Буэнос-Айрест  2011 оны наймдугаар сард болж, хамтарсан Тунхаглал гаргав. Түүнд глобал засаглалын механизмыг шинэчлэх, ФЕАЛАК, бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн институцүүд болох ЭКЛАК, Америк хоорондын хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Ази-Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, ФЕАЛАК-ын Дунд-урт хугацааны зорилт, хэрэгжүүлэх  стратегийг боловсруулах Алсын хараа ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.


ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын VI чуулган Индонезийн Бали аралд 2013 оны зургаадугаар сард болж, хамтарсан Улуватугийн Тунхаглал гаргав. Тунхаглалд Алсын хараа ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, ФЕАЛАК-ийн гишүүн орнуудын хооронд мэдээллийг өргөжүүлэх үүднээс ФЕАЛАК-ын Цахим нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, үйл ажиллагааны журмыг баталжээ. Чуулган ФЕАЛАК бүс нутаг хоорондын олон талт хамтын хамтын ажиллагаанд чухал хүчин зүйл болж, үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, дэлхийн ДНБ-ийн 33.43, глобал худалдааны 29.82 хувь болж байгааг онцлон тэмдэглэв.


ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын VII чуулган Коста Рика улсын нийслэл Сан Хосе хотноо 2015 оны наймдугаар сард болж, хамтарсан Тунхаглал батлан гаргав. Гишүүн орнууд Сан-Хосегийн Тунхаглалыг баталж, ФЕАЛАК-ийн гишүүн орнууд хоёр бүсийн олон улсын болон санхүүгийн байгууллагуудын хооронд стратегийн эвслийн нэгдэл байх шаардлагатайг онцолж, ФЕАЛАК-ийн ажлын явцыг сайжруулах, Кибер нарийн бичгийн дарга нарын газрын  ашиглалтыг бэхжүүлэх зорилгоор “ФЕАЛАК-ийн ажлын явцын удирдамж” -ийг баталжээ.

 

ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит VIII форум 2017 оны наймдугаар сард БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдаж, ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, ФЕАЛАК-ын Санг (Fund) байгуулав. Мөн уулзалтаар Бусанын Тунхаглалыг батлан гаргав. Түүнд: ФЕАЛАК-ын ашиглаагүй байгааг нөөцийг илрүүлэх, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгарч буй сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхийн тулд хоёр тивийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох чиглэлд авсан НҮБ-ын хоригийг дэмжиж, Солонгос хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах гарц байна гэж үзжээ. Мөн хэт туйлшрах үзэл, хүчирхийлэл, олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэх, мэдээллийн солилцоог сайжруулах, хил дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх талаарх НҮБ-ын конвенцийг хэрэгжилтэд хяналт тавих, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийг тууштай сахин хангах, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, мэдээллийн технологийн хөгжил шинэ нөхцөл байдал буй болгож байна гэж үзсэн байна.


Доминиканы БНУ-ын нийслэл Санто Доминго хотод ФЕАЛАК-ын 9 дэх удаагийн Гадаад хэргийн сайд нарын түвшний IX уулзалтыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж, “Санто Домингон Тунхаглал”-ыг баталсан. Түүнд, ФЕАЛАК байгуулагдсаны түүхэн 20 жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэв. ФЕАЛАК-ын 20 жилийн ойг тохиолдуулан гишүүн орнууд ФЕАЛАК-ын дурсгалын дээд түвшний уулзалт зохион байгуулж, өмнөх уулзалтын үеэр дурьдсан олон чухал зүйлийг хэлэлцэж тохиролцоонд хүрч, ФЕАЛАК-ын ажлын механизмыг улам бэхжүүлж, алсын харааг нэмэгдүүлэхээ  илэрхийлэв. Шаардлагатай гэж үзвэл Бүс нутгийн зохицуулагчдын сэлгэн ажиллуулах системийг хэрэгжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлт”-ийг “Нийгэм-улс төрийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн ажлын хэсэг”-д нэгтгэж, “Нийгэм-улс төрийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн ажлын хэсэг” болгон өөрчлөх асуудлыг хэлэлцэн баталжээ.


ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын Х чуулган 2021 оны намар БНАЛАУ-д зохиогдох байсан ч COVID-19 цар тахлын улмаас хойшлуулсан. ФЕАЛАК байгуулагдсан 20 жилийн хугацаанд үндэсний болон бүсийн 460 гаруй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2015 онд Аргентинд “ФЕАЛАК-ын хөрөнгө оруулалтын боломжууд”, 2016 онд Японд “Латин Америкийн робот техникийн хөгжлийн өрсөлдөх чадавхийг идэвхжүүлэх нь”, Вьетнамд “Хотуудын соёлын солилцоог урагшлуулах нь”, Тайландад “ФЕАЛАК-ын их сургуулиудын сүлжээг өргөжүүлэх нь”, Аргентинд “ФЕАЛАК-ын шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны databank-ийг хөгжүүлэх нь”, 2018 онд Индонезид “AСЕАН+ФЕАЛАК: Далайн боомт хоорондын хамтын ажиллагааны сургалт”, 2019 онд БНСУ-д “Худалдаа ба жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа”, Хятадад “Хятад-Латин Америкийн бизнес саммит”, Сингапурт “Сэтгүүлчдийн солилцооны хөтөлбөр”, 2020 онд Мексикт “Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын дипломатуудад зориулсан “Мексикийн  Гадаад   бодлого” сэдэвт XXVI сургалт”, Колумбид “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, Индонезид COVID-19 цар тахлын үеийн Эмэгтэйчүүдийн энтрепренёршипийг өргөжүүлэх нь”, 2021 оны хавар Кубад Касабланка усан онгоцны үйлдвэрийн ашиглалт, удирдлага” зэрэг техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлжээ.


2021 онд Аргентинд “Гадаадын ахлах дипломатчдын сургалт”, “ePhyto ба худалдааны модернизаци” зэргийг дурдаж болно. Бүс нутгийн төслүүдээс 2018-2020 онд хэрэгжсэн ФЕАЛАК-ын гүн интеграцийн гинжин хөгжлийн үнэ цэнэ” хөтөлбөр, “ФЕАЛАК-ын гишүүн орнуудын тэгш бус байдлыг бууруулах нь: Нэг гарцтай хувилбараас инновацид суурилсан бодлогын шийдвэр” зэргийг мөн дурдаж болно. 

Монгол Улс ФЕАЛАК-т нэгдсэн нь

Японы Токио хотноо 2010 оны нэгдүгээр сард зохиогдсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын IV уулзалтаар Монгол Улс тус олон талт дипломат ажиллагааны бүрэн эрхт гишүүнээр батлагдаж нэгдэв. Монгол Улс ФЕАЛАК-т нэгдсэнээр энэ олон талт үйл явцын 34 дэх гишүүн орон болов. Дээрх уулзалтад Монгол Улсын  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсыг ФЕАЛАК-т гишүүнээр элсүүлсэнд Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж үг хэлжээ.


Төлөөлөгчид Номхон далайг дамнан өрнөж буй механизмд Монгол Улс нэгдэж, үйл ажиллагаанд нь оролцох болж байгаа нь Ази-Номхон бүс нутагт дахь улс төр, эдийн засгийн аливаа хоршил, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж буй Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, үндэсний эрх ашигт нийцэж байгааг онцлон тэмдэглэв. Мөн ФЕАЛАК-ын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд Монгол Улс хамрагдаж, хөгжлийн олон асуудлаар туршлага солилцох сонирхолтойгоо илэрхийлжээ. Монгол Улс чуулга уулзалтын хүрээнд Латин Америкийн орнуудтай махны экспорт, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ далайд гарцгүй орнуудтай хүчээ зузаатгах боломжтой байгаагаа илэрхийлсэн байна.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ян Жиечи, Тайландын Гадаад хэргийн сайд Биромя Касит, Камбожийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Хор Намхонг, Кубын Гадаад хэргийн дэд сайд Маркос Родригез Коста нартай тус тус уулзалт хийжээ. Эдгээр уулзалтын үеэр талууд энэ олон улсын механизмын хүрээнд болон хоёр талын чиглэлээр идэвхтэй үргэлжлүүлэн хамтран ажилаж, бие биеэ харилцан дэмжиж байхын чухлыг санал нэгтэй тэмдэглэж байв. Тайландын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үер Тайландын тал Монгол Улсад үзүүлж буй тусламж, дэмжлэгээ нэмэх сонирхолтой буйгаа онцолж, богино, урт хугацааны сургалтад Монголоос аль болох олон суралцагч хамруулахыг зорьж, түлхүү анхаарахаа илэрхийлсэн байна.


ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит VIII форум 2017 оны наймдугаар сард БНСУ-ын Бусан хотноо болж, ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ. Мөн уулзалтын дүнгээр Бусаны Тунхаглалыг батлан гаргав. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцон, ФЕАЛАК-ын Сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө, ФЕАЛАК-ын дэргэд байгуулсан Сан, Бусаны Тунхаглалыг дэмжиж байгааг мэдэгджээ. Тэрбээр   ФЕАЛАК нь Зүүн Ази-Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх яриа хэлэлцээний байнгын механизм болон төлөвшин хөгжиж байгааг онцлон тэмдэглэжээ.

 

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн шинэ сайд хатагтай Кан Ген-хва, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие, Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Оскар Кабелло Сарубби, Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказа Гонзалес нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Аргентин Улсын хоорондын хэлэлцээрт Дэд сайд Б.Батцэцэг, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие нар гарын үсэг зурав. ФЕАЛАК-ын энэ удаагийн Сайд нарын уулзалтад 20 шахам орон сайд, дэд сайдын түвшинд, мөн зарим олон улсын байгууллагын тэргүүн нар оролцсон байна.    


ФЕАЛАК-ын 2013 онд Индонезийн Бали аралд зохиогдсон VI форумд Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Элчин сайд Ч.Баттөмөр, 2015 онд Сан Хосе хотноо зохиогдсон VII форумд Монгол Улсын ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, 2019 онд Доминиканы БНУ-д зохиогдсон IX форумд ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Г.Амартүвшин нар тус тус оролцож байжээ. БНАЛАУ ФЕАЛАК-ын Ахлах мэргэжилтнүүдийн түвшний 21 дэх удаагийн уулзалтыг COVID-19 цар тахлын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 30-нд  виртуаль хэлбэрээр зохион байгуулахад Монголоос Гадаад харилцааны яамны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дэд захирал Д.Нямаа, мэргэжилтэн Б.Буянжаргал нар оролцжээ.


ФЕАЛАК-ын ойрын ирээдүйн тулгамдсан зорилт нь хоёр бүс нутгийн харилцааг техникийн хамтын ажиллагаанаас бизнес, чөлөөт худалдаа-эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, дижитал технологийн  чиглэлд шилжих явдал юм. Түүнчлэн хоёр бүс нутгийн хамтарсан бизнес уулзалтуудад МҮХАҮТ-ийн төлөөлөл оролцох шаардлага буй. Ойрын ирээдүйд тив дамнасан хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтыг зохион байгуулах шаардлагатай хэмээн шинжээчид тэмдэглэж байгаа юм.


Дүгнэлт оронд: Тив дамнасан хамтын ажиллагаа ба олон хэмжээст дипломаси

Даяаршил, дижиталчлал, олон улсын харилцаан дахь геополитикийн хүчин зүйлс хүчтэй нөлөө үзүүлж буй үе шатанд жижиг улсын гадаад бодлого илүү прагматик байх ёстой. Олон хэмжээст дипломаси бол прагматик гадаад бодлогын нэг чухал хэв шинж гэж хэлж болно. Өнөөгийн эмх замраагүй, анархи (өөрөөр хэлбэл үүнийг илбэн тохинуулснаар дэлхийн шинэ дэг журам төлөвших учиртай) дэлхий ертөнцөд жижиг улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа сахин хангах чиглэлд олон тулгуурт гадаад бодлогын зарчмын хүрээнд олон хэмжээст  дипломаси явуулах шаардлага гарч байгаа юм.

Олон хэмжээст дипломаси бол олон улсын эрхзүйн үүднээс императив буюу хатуу бус өөрөөр хэлбэл хуульчлагдсан бус, аль нэг үзэл суртал, онолд ягштал баригдахгүй, олон улсын харилцаа, геополитикийн орчны орон зай, цаг хугацааны өөрчлөлтөд хариу барих, дасан зохицох, хөрвөх чадвартай, геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний талбарт А.Эйнштейний харьцангуй онол лугаа агшиж, сунах чадвартай байх, өөрөөр хэлбэл олон хэмжээстэй байж, илүү диспозитив буюу уян хатан, идэвхтэй, maneuver хийх чадвар сайтай, surprise багатай, тогтвортой, нэгдмэл, залгамж шинжтэй, олон улсын тавцан дээр идэвхтэй тоглогч байх ёстой.


Монгол Улс олон талт хамтын ажиллагааны шинэ формат болох Орос-Монгол-Хятадын гурван хөршийн дээд түвшний байнгын механизмын баттай үндэс тавигдаж (2014), АРФ (1998), ПЕКК (PECC) (2000), АПЕК-ийн зочин статус (2000), ЕСБХБ (EBRD)-нд гишүүнээр элссэн (2000), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (CICA) (2002), Азийн яриа хэлэлцээ (ACD)-ний (2004) гишүүн болж, ЕХ-той түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж (2013), АСЕАН-ын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн (2005), АСЕМ (2006), ФЕАЛАК (2010)-ийн гишүүн болж,  ЕЧХН-тай (EFTA) хамтын ажиллагааны хамтарсан Тунхаглал (2007), ЕАБХАБ-ын (OSCE) 57 дахь гишүүн болж (2012), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-тай түншлэлийн харилцаа тогтоож (2000),  ШХАБ дахь идэвхтэй ажиглагч статусын (2004) үйл ажиллагаа явуулж, ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээ эхлүүлж, АСЕАН+3 форматад орж ажиллах санаачилга дэвшүүлж (2013), II  сувгийн дипломат аажиллагааны хүрээнд Улаанбаатарын яриа хэлэлцээ буюу UB Dialogue-гийн 1.5 суваг болтол өргөжүүлж (2018), 2007, 2009, 2018 онд Япон-БНАСАУ, 2014 онд АНУ-БНАСАУ-ын хооронд эврүүлэн зуучлах уулзалтуудыг Улаанбаатарт зохион байгуулж, Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтын форматыг буй болгон (2015, 2017, 2018, 2020),  НҮБ-ын статустай олон улсын байгууллага болох “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны Think Tank төв”-ийг Улаанбаатарт байгуулан (2009), АДБХОБ (AIIB)-ны анхны үндэслэгч 21 орны нэг болсон (2014), эдгээр нь  олон хэмжээст дипломасийн тод илрэл юм.


Монгол Улс НҮБ-тай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулж, 2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ Монгол Улсын цэргийн албан хаагчид НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.  Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын олон улсын энхтайван, аюулгүй байдлыг хангах энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч 124 орны дунд 2021 оны байдлаар 17 дугаарт, эмэгтэй энхийг сахиулагчид илгээсэн 112 орноос 17 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудын дотор нэгдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд Өмнөд Судан, Баруун Сахар, Конго, Суданы Дарфур муж, Суданы Абией муж зэрэг НҮБ-ын Энхийг сахиулах 5 ажиллагаанд нийт 886 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсын энгийн иргэд, иргэний цагдаагийн байгууллагын албан хаагчид тус ажиллагаанд 2016 оноос бие даан оролцож эхэлсэн[1] энэ бүх үйл явц цэргийн дипломат ажиллагааны тод илрэл юм.


Монгол Улс НАТО-гийн “Дэлхийн өнцөг булан бүрт буй түншүүд” (Partners Across the Globe) хөтөлбөрийн хүрээнд “харилцагч орон”-ы статустайгаар хамтран ажиллаж, 2012 оны гуравдугаар сараас “Individual Partnership and Cooperation” хөтөлбөрөөр хамтын ажиллагаа баяжиж 2020 оны дөрөвдүгээр сард үүнийг шинэчилсэн байна. Афганистан дахь НАТО-гийн тэргүүлсэн олон улсын аюулгүй байдлыг хангах  хүчин чармайлтад Монгол Улс дэмжлэг үзүүлсэн юм.


Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд олон хэмжээстэй байж Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа зөвхөн хоёр их хөрш төдийгүй, дэлхийн нөлөө бүхий ардчилсан, хөгжингүй их гүрнүүд, холбоод, Ази-Номхон далайн бүсийн орнуудтай харилцаагаа түлхүү хөгжүүлж, тив дамнасан хамтын ажиллагааны формат АСЕМ-аас гадна тив дамнасан хамтын ажиллагааны формат ФЕАЛАК-ын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх явдал юм.


Монгол Улс ФЕАЛАК-ийн хүрээнд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, Стратегийн түнш Япон, иж бүрэн түнш БНСУ, өргөн хүрээтэй түнш Австралитай бизнес-худалдаа-эдийн засгийн, Латин Америкийн чиглэлд Бразилтай ХАА, Чилитэй уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааны бие даасан шинэ суваг буюу форматын суурийг тавих боломж байж болох юм.


“Гуравдагч хөрш”-ийн бодлого нь зөөлөн хүчний бодлого мөн бөгөөд Жозеф С.Най судлаачийн тэмдэглэснээр “зөөлөн хүч” гэдэг нь албадлага, “хүчээр түрээ барих” бодлогоо тулгахаас зайлсхийн, түүх, соёл, улс төрийн үнэт зүйлс, ёс зүйтэй гадаад бодлогын манлайллаар бусдыг бишрүүлэн татах, улмаар хүссэн үр дүнд хүрэх улс төрийн бодлогын арга хэрэгсэл юм.


Жижиг бага улс уламжлалт “хатуу хүчний” бодлого, эсвэл дан гагц соёл хийгээд эдийн засгаар нөлөөлөх “зөөлөн хүчний” бодлогоор үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлээ хангах боломж хомс.  Харин гадаад, дотоод хүчин зүйлсийг чадварлагаар зохицуулах, ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх “ухаалаг хүчний” бодлого баримтлах боломжтой.  Үүнийг тэнцвэрийн хүч хэмээх ажгуу.


“Гуравдагч хөрш”-ийн бодлогын амин чухал чиглэл нь эдийн засгийн эрх ашгийн тухай асуудал билээ.  Хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт тавигдаж буй өнөө үед бага жижиг улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшил гадаад эдийн засгийн харилцаа, түүнээс гарах үр өгөөжтэй  амин чухал холбоотой.


Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статуст 2012 оны есдүгээр сард Р5 (НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын тав) улс төрийн баталгаа гаргасан ч олон улсын эрх зүйгээр баталгаажуулаагүй байгаа. Тиймээс энэ чиглэлд ФЕАЛЕК-тай хамтын ажиллагааны шинэ боломжийг буй болгох шаардлага байна. Учир нь 1967 оны хоёрдугаар сарын Мехико ситийн бүс Тлателолко хотын гэрээгээр Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нутаг дэвсгэрээ олон улсын эрхзүйгээр цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан байдаг. 1995 оны арванхоёрдугаар сарын 15-ны Бангкокийн гэрээгээр АСЕАН өөрийн бүс нутгийг олон улсын эрхзүйгээр мөн л цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан юм. Бүс нутгаа цөмийн зэвсэггүй болгон зарлаж олон улсын эрхзүйгээр баталгаажуулсан дээрх орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байгаа. Мэдээж соёл урлаг, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.


Эдүгээ үндэсний эдийн засаг дэлхийн зах зээлийн хуулиар зохицуулагдаж, үндэсний баялаг, түүхий эдийн нөөцөө захиран зарцуулах нь нэг улсын эрх мэдэл, хил хязгаараас шалтгаалахгүй болж, гадаад, дотоод бодлогын зааг ялгаа ч багасаж, даяаршил, дижитал үйл явц хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явцад улс орны бүх салбар хамрагдаж, харилцан хамаарал үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч нэг томоохон хүчин зүйл болов. Ийм түүхэн үед улс хоорондын харилцаанд эрх тэгш байх, шударга байх, олон хэлбэртэй байх, хамтын хариуцлага хүлээх зэрэг үндсэн зарчмын ач холбогдол өсч байна. Даяаршлын боломж бол хамтран ажиллаж, хоршин хөгжих, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх явдал мөн.


Жижиг улсын идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого, олон хэмжээст дипломат ажиллагаа бол өөрөө батлан хамгаалах хүч юм. Монгол Улс хоёр их гүрний дунд хашигдсан, далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдмал, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй жижиг улс хэмээх геополитикийн статус хуучирч байна.

 

2011 онд Монголын эдийн засаг 17.8 хувийн гайхамшигт singular үзүүлэлтийг харуулж байсан тэр цаг дор АНУ-ын “The Diplomat” цахим сэтгүүлд Монгол Улсыг  “аварга баавгай, аварга лууны дунд жороолж буй pony” (жороолж буй одой морь Д.У) гэж бичиж байсан нь тун ч хангалтгүй байсан бөгөөд эдүгээ galloper буюу шандаст хүлэг гэж хэлж болохоор, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй бүс нутаг, зах зээлд ойрохон орших болж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний хүчний үлэмж нөөцтэй нь тодорхой болсон нь олон улсын анхаарал, хөрш болон их гүрнүүд, үндэстэн дамнасан нийгэмлэгүүдийн геополитик, гео-эдийн засгийн ашиг сонирхлыг эрхгүй татаж, энэ нь томоохон шинэ боломж, түүнчлэн  шинэ эрсдлийг дагуулж байгааг анхаарах хэрэгтэй.


Өнөөгийн олон улсын харилцааны бодит хэрэгцээ нь нэгд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, хоёрт, онцгой байдал, хямралын үеийн бэлэн байдал, шуурхай удирдлага, оновчтой шийдвэр, гуравт, аюулгүйжуулах бодлого явуулах арга барилыг чадварлаг эзэмших, гадаад харилцааг эдийн засагжуулах эдийн засгийн дипломаси явуулж үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын, түүнчлэн эдийн засгийн аргаар хангахыг шаардаж байгаа юм.

相关新闻