Прокурорууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-11 14:39:30
Yesukheitumur Tumurbaatar

Энэ сарын 3-наас эхлэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын 10 прокурорын дунд мэргэжлийн тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээн энэ сарын наймныг хүртэл үргэлжилсэн бөгөөд 8 үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргалаа. 

Тэмцээнд шүүх хуралдааны зарчмаар прокурорууд хоорондоо мэтгэлцэх, мэргэжлийн тестийн шалгалтуудыг өгч, хэргийн нөхцөл байдлыг шийдэж ажиллах зэрэг сонирхолтой үе шатуудаар явагдаж хяналтын прокуроруудын мэдлэг ур чадвар ажлын арга барилыг дээшлүүлэхэд чухал алхам болсон гэдгийг Аймгийн Прокурорын газрын дарга С.Алимаа онцолсон юм. 

Тус тэмцээнд Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэл байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор М.Гансувд мэдлэг ур чадвараараа бусдыгаа хошуучиллаа. Харин удирдлага хамт олны зүгээс М.Гансувдад амжилт хүсээд дараагийн үе шатандаа амжилттай оролцохыг хүсэж байлаа. 

Түүнчлэн уг тэмцээн нь улс орон даяар анх удаа явагдаж байгаа бөгөөд аймаг тус бүрээс шалгарсан нэг прокурор ирэх арван хоёрдугаар сард болох улсын хэмжээний хоёрдугаар шатны тэмцээнд өрсөлдөж Прокурорын байгууллагын мэргэжлийн аваргаа тодруулах аж. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻