Азийн залуучуудын III наадам Бахрейны Манамад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 12:04:20

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бахрейны нийслэл Манама хотод ирэх сарын 22-нд Азийн залуучуудын III наадам хөшгөө нээнэ.


Ес хоног үргэлжлэх тус наадам нь тивийн залуу тамирчдын ур чадвар, эв нэгдлийг харуулах онцлогтой юм. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 5000 гаруй залуу тамирчин спортын 24 төрлөөр 1677 багц медалийн төлөө өрсөлдөнө.


Тодруулбал, Азийн залуучуудын наадмын тамирчид усан спорт, хөнгөн атлетик, бадминтон зэрэг уламжлалт төрөлд оролцохын зэрэгцээ тэмээн уралдаан, цахим спорт, далайн эргийн хүндийн өргөлт зэрэг өвөрмөц төрлөөр өрсөлдөнө. Мөн жүдо, жюү жицү, кабадди, таеквондо зэрэг тулааны төрлөөс гадна багийн спортын сагсан бөмбөг, футзаал, волейбол багтжээ. Манай улс урьдчилсан байдлаар спортын 20 төрөлд 200 гаруй тамирчнаа илгээхээр төлөвлөж байгаа аж.


Уламжлалт алт, мөнгө, хүрэл медальд наадмын албан ёсны бэлгэ тэмдгийг байрлуулж, түүнийг хүрээлсэн уран хийцүүдийг “Bahrain” хэмээх үгээс сэдэвлэн, тус улсын соёл, үндэсний онцлогийг илэрхийлсэн байна. Наадамд зориулан нийт 505 алт, 503 мөнгө, 669 хүрэл медаль хийж байгаа юм.



相关新闻