Өсвөрийн жүдочид ААШТ-ээс эхний өдөр хоёр медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Индонезын Жакарта хотод жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн.
Өсвөрийн ангилалд 21 орны 196 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, Э.Намуунцэцэг нар удирдлагад 17 тамирчин хүч үзэж байна. Тэгвэл өчигдөр болсон найман жингээс хөвгүүдийн 60 кг-д “Гүрү дожо”-гийн Ж.Энхтөр, 66 кг-д “Манлай” клубын Э.Наранзун хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулав.
60 кг-д Ж.Энхтөр Киргизийн бөхийг ялсан ч шөвгийн наймд Казахстанд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Тайванийн Ко По-Эрихийг, хүрлийн төлөө Ираны Ясин Паризкарыг хожсон юм. Тэгвэл 66 кг-д Э.Наранзун Энэтхэгийг ялж, Казахстанд ялагдсан. Ингээд дагах барилдаанд Индонез, Кувейтийн бөхийг дараалан буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ.
Яг энэ цаг мөчид өсвөрийн ангиллын сүүлийн найман жингийн барилдаан болж байна. Манай жүдочдоос 57 кг-д Т.Отгонням, хөвгүүдийн 81 кг-д Б.Мөнгөндөл, +90 кг-д Г.Мөнгөнбагана охидын 63 кг-д Э.Анударь нар хагас шигшээд шалгарчээ. Мөн дөрвөн бөх дагах барилдаанд барилдах гэж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр залуучуудын ангиллын барилдаанаар үргэлжилнэ.