ХОВД: Малчид 66.2 мянган тонн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 16-нд хуралдаж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Хуралд Ховд аймгийн удирдах ажилтнууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын багийн гишүүд оролцсон юм.
Ховдынхон Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бүдүүн тэжээл 970 тонн, хүчит тэжээл 778 тонн, эрдэс тэжээл 2 тонныг тус тус бэлтгэжээ.
Мөн аймгийн Засаг даргын албан даалгаварт зааснаар малчдын түвшинд 60.8 мянган тонн өвс, 3270 тонн гар тэжээл, 6790 тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар малчдын түвшинд 66.2 мянган тонн өвс (хадлан), 1206 тонн тэжээл, 3605 тонн хужир шүү бэлтгэсэн байна.
Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд 250 тонн буюу 50 кг бүхий 4000 уут хорголжин тэжээл, 25 кг бүхий 2400 уут хивэг бэлтгэхээр хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан юм. Үүнээс эхний ээлжинд 1200 уут хорголжин тэжээл, 2400 уут хивгийг нөөцөд хүлээн авчээ.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлууд ийнхүү аймаг, сумдад үе шаттай өрнөж байна.