Гурван сарын хугацаанд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-14 15:17:09

ЕБС, цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн жил эхлээд гурав дахь сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Архангай аймагт зам тээврийн ослоор нэг хүүхэд амь насаа алдаж, хоёр хүүхэд биедээ гэмтэл авсан тухай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Тэдний нэг нь цэцэрлэгийн, хоёр нь бага ангийн хүүхэд аж. Зам тээврийн осолд өртөх болсон шалтгаан нь тэднийг асран хамгаалах эцэг, эх, ах, эгчийн хараа хяналт сул, сургууль цэцэрлэгээс нь насанд хүрээгүй хүүхдээр хүүхдээ авахуулдаг зэрэг нь нөлөөлж байна гэж цагдаагийнхан үзэж байна.  

Зам тээврийн ослууд голчлон хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, гэрлэн дохио зөрчих зэргээс гардаг аж. Мөн өвлийн улиралд хот тохижуулах газрын үйлчилгээний ажилчид явган хүний замын гарц, авто замын уулзваруудыг цэвэрлэдэггүйгээс осолд өртөх нөхцөлд нөлөөлдөг гэж явган зорчигчид саналаа нэмэрлэж байна.

 

Л.Булган

相关新闻