Сансарт барих анхны дата төвд Нвидиагийн чипийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-11-03 17:45:35

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /unian/. Сансарт анхны дата төвийг барихаар "Rendezvous Robotics"-той гэрээ байгуулаад буй "Starcloud" гарааны компанид "NVIDIA" компаниас дэмжлэг үзүүлжээ. 


Эдгээр компани нарны эрчим хүчээр ажиллах 5 гигаваттын хүчин чадалтай тооцоолох төв байгуулж, мэдрэлийн сүлжээний үйл ажиллагаанд "NVIDIA H100" график процессоруудыг ашиглахаар төлөвлөж байна. 


"Starcloud" компани ийм процессортой хиймэл дагуулыг 12 дугаар сард сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хиймэл оюунд зориулсан сансрын дэд бүтцийг бүтээх анхны алхам болох юм.


Харин "Rendezvous Robotics"-ийн роботууд энэхүү төслийн гол элемент болно. MIT Media Lab-ийн TESSERAE судалгааны төслийн суурь дээр бүтээгдсэн тэдний автономит модулиуд тусдаа “тавцан”-уудаас өөрөө угсрагддаг бөгөөд эдгээр тавцан бүрд батарей, процессор, соронз байрлуулсан байдаг. Хөөргөх үед эдгээр нь салангид байдлаас нэгтгэгдэж, цогц бүтцийг үүсгэнэ. NASA өмнө нь ийм технологийн загварыг туршиж байсан боловч одоо анх удаагаа бодитоор ашиглахаар төлөвлөж байна.


Starcloud компанийн мэдээлснээр, ирээдүйн дата төв нь ойролцоогоор 4 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий нарны болон хөргөлтийн хавтангуудаар тоноглогдох бөгөөд энэ нь Олон улсын сансрын станцын нарны хавтангаас 20 мянга дахин том юм. 

Ийм төслүүдийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Дэлхий дээр хиймэл оюуныг сургах хүчин чадал нь дата төвүүд шинээр барихаас илүү хурдан нэмэгдэж байгаатай холбоотой. Үүнээс гадна, дата төвүүд нь асар их эрчим хүч шаарддаг, экосистемд нэмэлт ачаалал үүсгэдэг. Харин сансар дахь орон зай хязгааргүй, нарны эрчим хүчээр байнга хангах боломжтой. 


相关新闻