БАЯНХОНГОР: Оюуны соёлын гайхамшигт өв Шатар чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-06 14:38:47

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Шатар чулууны хөшөө дурсгалыг манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв гэж үздэг. Түүхийн олон цаг үеийг хамрах дурсгалууд нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалаас ялгагдах гол онцлог нь юм.


Энэхүү хөшөө дурсгал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг, аймгийн төвөөс зүүн хойш 12 км-ийн зайд Туйн голын хөндий рүү чанх урдаас орж ирсэн аманд байдаг. Эрдэнэцогт сум нь Баянхонгор аймгийн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 658 км, аймгийн төвөөс 28 км зайд оршдог.


Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан 13 буган чулуун хөшөө, гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэр, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдгаас олонх болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний их биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан байдаг бол доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн нь бий.


МЭ 450-550 жилийн үед Хүннүчүүд шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номдоо тэмдэглэснээс үзвэл, монгол овогтноос анх шатар үүсэж хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох. Зарим судлаачийн тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр оршдог Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний Хүннү гүрний үеийн хот суурины үлдэгдэл байх магадлал их гэж тэмдэглэжээ.


Сонирхуулахад, Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг байна.

相关新闻