СҮХБААТАР: Сурагчдад алаг мэлхий өрөхийг заажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-11 19:00:33

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музей соёлын өвийн боловсрол олгох хөтөлөрийн хүрээндЕБС-ийн тавдугаар ангийн сурагчдад монгол уламжлалт тоглоом наадгайн нэг төрөл болох алаг мэлхий өрөх тоглоомын тухай тайлбарлан таниулж, хэрхэн тоглох аргачлалыг зааж, хамтдаа нааджээ.

 

Сурагчдын хувьд ихэнх нь энэхүү тоглоомыг мэдэхгүй гэж байсан бөгөөд тоглоход сонирхолтой байгааг хэлж байв. Мөн монгол уламжлалт тоглоом наадгайгаа сурч, дэлгэц, гар утасны хэрэглээгээ багасгахыг үе тэнгийнхэндээ уриалж байв.


 

Шагайн наадгай, алаг мэлхий өрөх зэрэг уламжлалт тоглоом наадгайгаар тоглох нь эрс багасаж, зарим төрөл нь мартагдаж буйг соёлын өвийн мэрэгжилтэн хэлж байна. Уламжлалт монгол тоглоом наадгай нь хүний оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад бага насны хүүхэд тогтвортой сууж сурах, аливаад хүлээцтэй хандах зэрэгт сургадаг олон талын ач холбогдолтой. Тиймээс цагаан сар, үндэсний баяр наадмаар зөвхөн тоглодог байх бус гэртээ, хамт олноороо энэ төрлийн тоглоомоо түлхүү тоглож, уламжлалт соёлоо авч үлдэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

 

Угсаатны зүйн музейгээс энэ онд соёлын өвийн боловсрол олгох чиглэлээр есөн төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, СӨБ болон ЕБС-ийн сурагчдад зориулсан найм, насан хүрэгчдэд зориулсан нэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

 

 

相关新闻