ЗАВХАН: Сургууль, цэцэрлэгүүд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-19 15:27:29

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай, Идэр суманд орчин үеийн ариун цэврийн байгууламж ашиглалтад орууллаа.


Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм.


Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төслийн хүрээнд Завхан аймагт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг нийт 10 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжийн ажил дуусаж байнгын ашиглалтад орууллаа. Улиастай, Идэр суманд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ЕБА констракшн” ХХК шалгарсан. Тус компани энэ оны хоёрдугаар сард гэрээ байгуулан, 12 дугаар сарын 9-ний өдөр барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисс хүлээн авсан байна.  


Тус төслийн 1-4 дүгээр ээлжид Завхан аймгийн 24 сумын 95 объектод стандарт хангасан ариун цэврийн байгууламжийн барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Өөрөөр хэлбэл аймгийн 24 сумын сургууль, цэцэрлэгүүд нүхэн жорлонг бүрэн халж стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо хэмээн Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв. 


相关新闻