“Сум багт хүрч үйлчилье” төсөл 90 гаруй хувьтай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-24 23:42:25
Yesukheitumur Tumurbaatar

Энэ онд “Сум багт хүрч үйлчилье” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжиж байна. Төслийн хэрэгжилт Төв аймагт 90 хувьтай явагдаж байгаа ажээ.

Төслийн Төв аймгийн ажлын хэсгийн баг өнөөдөр хуралдлаа. Хурлыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнийхөө тухай голлон авч хэлэлцсэн байна.

Энэхүү төсөл нь Төв аймгийн 27 суманд хэрэгжиж байгаа бөгөөд сум бүрт Засаг даргаар нь ахлуулсан баг ажиллаж байгаа гэдгийг ЭМГ-ын НЭМТөвийн дарга Л.Түмэндэмбэрэл хэллээ.

Уг төсөл нь энэ оны найман сараас эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Ажлын хэсэг эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламжийг хүргэх зорилгынхоо хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эх, өнчин хүүхэд, ажил хөдөлмөр эрхэлдэг хүүхэд зэрэгт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хүргэж байгаа аж.

Т.Есүхэйтөмөр

相关新闻