ЗАВХАН: Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг 9800 малчинд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс 249.3 мянган иргэнд цаг агаарын
мэдээллийг хүргэж, аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг
бүрдүүлсэн байна.
Өнөөдөр Цаг уурын өдрийг тохиолдуулан салбарын ажилтнууд туршлага солилцох, шинэ ололт амжилтаа хуваалцах, цаг уурын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээ, мэдээлэл түгээх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Тус байгууллага нь хөдөө аж ахуйн цаг уурын 8 өртөө, 15
харуул, ус судлалын 11 харуултай бөгөөд ус, орчны хяналт шинжилгээ, цацрагийн
болон нарны цацраг судлал, цаг агаарт зориудаар нөлөөлөх зэрэг 40 гаруй
чиглэлээр шинжилгээ, судалгаа, үйлчилгээ үзүүлж байна.
Өнгөрсөн онд 10 төрлийн нийт 2231 мэдээг боловсруулж, олон нийтэд шуурхай хүргэжээ. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр дамжуулан Завхан аймгийн нутгаар хагас хоног, нэг болон гурван хоногийн цаг агаарын мэдээг зурган хэлбэрээр тогтмол хүргэж байна. Мөн тав, долоо хоног, сар, улирлын төлөв, нэг болон долоо хоногийн тойм, цаг агаарын нөхцөл бүрдэх үед анхааруулга, сэрэмжлүүлэг зэрэг мэдээллийг нийт 20 удаа давхардсан тоогоор 249380 иргэнд хүргэжээ.
Түүнчлэн аюулт үзэгдлийн үед багц мессежийг 24 сумын малчид,
иргэд, аймаг, сумдын Онцгой комисст илгээж, нэг удаагийн байдлаар 12176 хүнд
хүргэсэн байна. Үүнээс 9800 нь малчин өрх байжээ.
Энэ онд өнөөдрийн байдлаар нийт 19 удаа цаг агаарын мэдээллийг олон нийтэд хүргэж, аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Өнөөдөр тохиож буй Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаална” уриан дор тэмдэглэж байна.