ЗАВХАН: “Сүрьеэгүй Завхан-Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүйг бэлэглэе” төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Жил
бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий даяар Сүрьеэ өвчинтэй тэмцэх
дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдөр сүрьеэ өвчний хор уршгийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэх, уг өвчнийг устгах дэлхийн зорилтыг дэмжихэд чиглэдэг юм.
Завхан аймаг 2025 оны аравдугаар сараас эхлэн “Сүрьеэгүй
Завхан – Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүйг бэлэглэе” уриатай төслийг хэрэгжүүлж
байна. Уг төсөл нь сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс
хамгаалах зорилготой бөгөөд Жонс Хопкинсийн их сургуулийн “Johns Hopkins
Medicine”-ийн “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй анхны
салбар төсөл юм.
Төслийг “Дилав Хутагт” сан санаачлан, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэ талаарх тодруулгыг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Д.Отгонсүрэнгээс авлаа.
- Сүрьеэгүй Завхан төсөл эхлээд зургаан сар болжээ. Төслийн
хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн
төвлөрдөг сургууль, дотуур байр зэрэг кластер бүсүүдэд сүрьеэгийн илрүүлэг,
шинжилгээг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах ажлыг үе
шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр аймгийн хэмжээнд сүрьеэгийн халдварын
тархалтыг бууруулж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг
бүрдүүлэхийг зорьж байна.
Үйл ажиллагааны хүрээнд Чандмань-Эрдэнэ сургуулийн
суралцагчид, Төгс буянт жавхлант хийдийн лам нар, Политехникийн коллежийн багш,
оюутан, Монгол улсын их сургуулийн харьяа лицей ахлах сургуулийн сурагчдын дунд
сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх туберкулины сорилын шинжилгээнд хамруулсан.
Өөрөөр хэлбэл нийт 1497 сурагч багш ажилчдыг хамруулсан байна. Цаашид төслийн
хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн төвлөрдөг сургууль, дотуур байр
зэрэг газруудад сүрьеэгийн илрүүлэг, шинжилгээг зохион байгуулна.
Түүнчлэн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулахаар төлөвлөж байна.
-Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр ямар үйл ажиллагааг
зохион байгуулав?
-Дэлхий дахинаа 3 дугаар сарын 24-ны өдрийг "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриатай тэмдэглэж байна.
Энэ өдрийг угтаж, мөн өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн
нэгдсэн эмнэлэг, Дөрвөн оноо өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран Амь ус ХХК,
Улиастай Хот тохижилт үйлчилгээний албаны ажилтнуудад сүрьеэ өвчний тухай
ерөнхий ойлголт, мэдээлэл өгч эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамруулан ажилласан
байна.
Төсөл эхэлснээс хойш урьдчилан сэргийлэх тандалтын үзлэг,
оношилгоонд хамруулах, сүрьеэ өвчнийг таниулах сургалтыг хүүхэд, эцэг эх,
сурган хүмүүжүүлэгчдэд зориулж хийж байна.
-Завхан аймагт сүрьеэ өвчний тохиолдол, эдгэрэлт ямар байдаг
юм бэ?
-2025 онд Завхан аймгийн хэмжээнд нийт 617 халдварт өвчин
бүртгэгдсэн. Үүнээс сүрьеэгийн тохиолдол 22 тохиолдол буюу 3.5 хувийг эзэлж
байна. Сүрьеэгийн тохиолдлыг өмнөх онтой харьцуулахад 7 тохиолдлоор өссөн
үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь улс, аймгийн дундажтэй харьцуулахад улсын
дунджаас 2.3, аймгуудын дунджаас 1.2 промилоор бага байна.
Гэсэн хэдий ч сүрьеэг зогсоохын тулд улс орнуудын хамтын
ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хүчин чармайлт, иргэдийн оролцоо чухал байгааг
энэ өдөр онцолж байна.
-Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой талаар
иргэдэд таниулах нь чухал юм байна?
-Тийм ээ, Сүрьеэ нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтэнд нөлөөлөх боломжтой халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар халдварладаг тул олон нийтийн дунд хурдан тархах эрсдэлтэйд тооцогддог.
Хэрэв
өвчнийг цаг тухайд нь илрүүлж, эмчлэхгүй бол уушгийг ноцтой гэмтээх, амьсгалын
архаг дутагдалд хүргэх, улмаар яс, тархи, бөөр зэрэг бусад эрхтэнд тархах, нас
баралтанд хүргэх эрсдэлтэй. Мөн өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж, гэр бүлийн
орлого буурах зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг дагуулдаг.
Ханиалгах, халуурах, жин буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл
яаралтай шинжилгээнд хамрагдах, дархлаагаа дэмжих, зөв хооллолт, эрүүл
амьдралын хэв маягийг баримтлах, сүрьеэгийн эсрэг вакцин болон урьдчилан
сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай юм.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой бөгөөд эмчилгээ нь ихэвчлэн зургаан сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг. Иймд эмчийн зааврыг чанд мөрдөж, эмчилгээг таслахгүй байх нь л чухал юм. Энэ өвчин нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаатай шууд холбоотой тул хамтын хүчин чармайлтаар даван туулах боломжтойг энэ өдөр дахин сануулж байна.
-Танд баярлалаа.