"Дуулга" студи шинэ байрандаа төвхнөж, шинэ эрчээр ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБХЯ-ны харьяа "Дуулга" студийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож өнөөдөр шинэ байрандаа орсны нээлтээ хийв.
Нээлтийн ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцон тууз хайчилсан юм. Мөн уран бүтээлчид ая дуугаа өргөн, мэргэжил нэгт байгууллагын төлөөллүүд баяр хүргэв.
Цэргийн ууган гэгддэг тус студи "Эх орны төлөө" нэвтрүүлгийн 1000 гаруй дугаар, цаг үе үйл явдалтай холбоотой 10,000 гаруй мэдээ, сурвалжлагыг бэлтгэж, багц албан шугамаар бус олон нийтийн болон арилжааны телевизүүдээр дамжуулан олны хүртээл болгожээ. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа өргөжихийн хэрээр телевизийн нэвтрүүлэг ч өргөжиж эхнийг сахиулагчдын сурвалжлагыг газар дээрээс нь хийх боломж бүрдэв. Тиймээс БНЭУ, ОХУ, БНХАУ, Өмнөд Судан, Исламын Бүгд найрамдах Афганистан улс, ИБУИНВУ зэрэг улсад болсон арга хэмжээнд сурвалжлагчдаа илгээн газар дээрээс нь мэдээ мэдээллийг шуурхай хүргэсээр байгаа нь онцлог. "Дуулга" студийн шинэ байрны нээлтийн үеэр тус студийн захирал, дэслэгч, сэтгүүлч Б.Нандинцэцэгээс тодруулга авлаа.
- Анхны түүхээсээ онцлоод юу хэлэх вэ?
-Цэргийн болон иргэний бүхий л салбарын уран бүтээлчиддээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. 1962-1980 оны сүүлч хүртэл Монгол ардын армийн түүхэн үйл явцыг ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор 1981 оны Нэгдүгээр сарын 30-нд МАХН-ын Төв хорооны тогтоолоор Монголын үндэсний телевизийн Залуучууд, спортын редакцийн дэргэд анх цэргийн сэтгүүлчид томилогдон эх орны тухай нэвтрүүлгүүд бэлтгэж эхэлсэн түүхтэй. Тэр үеийн ахмадуудаас нэрлэхэд, UBS телевизийн найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, сэтгүүлч С.Болд, зохиолч сэтгүүлч С.Дашням, яруу найрагч С.Дамдиндорж, найруулагч Н.Батсуурь, Монголын радиогийн сэтгүүлч Я.Баатар нар идэвхи зүтгэлтэй ажилласан байдаг. Тухайн үедээ хоёр долоо хоногт нэг удаа цэрэг, эх орны сэдэвт нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлага нэвтрүүлж байжээ. Харин 1990 оноос эх орны нэвтрүүлэг бараг зогссон. Тиймээс БХЯ эргэн анхааралдаа авч, 1996 оны 10 дугаар сарын 19-нд сайдын тушаалаар цэргийн анхны студийг байгуулах шийдвэр гаргасан байна. "Энэ бол өнөөдрийн бидний мэдэх "Дуулга" студи юм.
- Түүнээс хойш 20 жил болчихож. Одоо юуг нь онцолмоор байна вэ?
- Цэрэг армийн түүх бол Монгол эх орны маань түүх. Өнөөдрийн 20 жилийн түүх бол бидний л түүх. Энэ түүхийг бичиж үлдээсэн, өнөөдрийг хүртэл, маргааш, ирээдүйн шинэ түүхүүдийг бичсээр байх "Дуулга" гэдэг сайхан нэртэй хамт олноороо бахархаж байна. 20 жилийн хугацаанд "Дуулга" студи зөвхөн БХ-ын сайдын юм уу ЗХЖШ-ын даргын дуулгавартай зарц биш эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн даалгавар бүхнээ харин дуулгавартай биелүүлж ирснийг тэмдэглүүштэй. Аль ч сайдын үед "дуулга" студи үүргээ чанартай биелүүлж, даалгасан бүхнийг нэр төртэй биелүүлж ирлээ. Тиймээс манай хамт олны хэн ч байсан гэр бүлээсээ хэлээд найз, нөхөд, бусад салбарын түншүүддээ "Бид бол цор ганц эх орныхоо төлөө ажилладаг, тангараг өргөсөн сэтгүүлч юм шүү" гэж бахархан ярьдаг. Энэ бол манай "Дуулга"-ынхны бахархал. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цаг ямагт биднийг дэмжиж, туслалцаа үзүүлсээр ирсний нэг жишээ нь өнөөдөр шинэ бие даасан байртай болж буй явдал. Энэ бол эхний таатай алхам. Одоо манай удирдлагууд шинэ тоног төхөөрөмжөөр хангах гээд холбогдох байгуулагуудад захиалга өгчихөөд байж байна. Удахгүй бид шинэ байраа шинэ тоног төхөөрөмжөөр чимээд, гагцхүү шинэ ажил, санаачилгын төлөө ажиллах болно.
- Та шинээр томилогдоод удаагүй байгаа. Яг хийж эхэлсэн бодитой ажил юу байна вэ?
-Миний хувьд 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр " Дуулга" студийн уран бүтээлчдийн эгнээнд цэргийн ёсолгоо өргөн орж ирсэн. Үүнээс хойш сэтгүүлч редактор, ахлах редоктор зэрэг алба хашсаар өнгөрөгч 3 дугаар сард захирлаар томилогдлоо. Түнээс хойш БХЯ, МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, "Эх орны төлөө" нэвтрүүлгийн цагийг 30 минут болголоо. Одоо Монгол орон даяар энэ нэвтрүүлэг цацагдаж байгаа. Студийг бие даалган байр, орчин нөхцлийг өөрчлөх санал оруулснаар ийнхүү шинэ байраа нээж байна. Цаашид шинэ нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийн сангаа улам өргөжүүлэн БХЯ, ЗХЖШ болон иргэний харилцан холбоог улам ойртуулах олон ажил хийхээр төлөвлөөд байна.
Ж.Батсайхан