Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутгийн удирдлагуудад уриалга хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Бодлоо баялаг болгоё" сэдэвт зөвлөлгөөн зохион байгууллаа.
Зөвлөлгөөнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох бодит оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийн онцлогт тохирсон ажлын байр бий болгоход нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, тэдний санал санаачлагыг орон нутгийнхаа хөгжлийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөнд тусгах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих бодлого боловсруулах зорилгоор хийжээ.
Зөвлөлгөөн бүх сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 200 орчим иргэн оролцож тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор 8 зүйл бүхий уриалгыг аймгийн Засаг даргад гардууллаа. Уриалгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх, шинээр баригдаж буй барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартын налуу шаттай байх, аймгийн Засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөхтэй байх зэрэг асуудлыг тусгажээ.
Тус аймгийн хэмжээнд 6034 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас хөдөлмөр эрхэлж ажлын байраар хангагдсан 784, өрхийн үйлдвэрлэл эрхлэн баялаг бүтээж байгаа 455 иргэн байгаа ажээ.
Б.Гантуяа