Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 14 хувь болгох шийдвэр гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭМөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 14 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Монголбанкнаас валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлэн өнгөрсөн 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Энэ алхамаа тэд гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн хэмээн тодотгож байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ, "Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй. Гадаад худалдааны нөхцөл хүлээж байснаас сайжирч буй нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа" хэмээн онцлов.
Мөнгөний бодлогын үр нөлөө, цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамааралтай гэдгийг Мөнгөний бодлогын зөвлөлөөс дүгнэжээ.
Б.Заяа