Малчдын "Бага хуралдай"-г байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХоёр оны зааг дээр Өмнөговь аймагт малчдын сайн дурын "Бага хуралдай"-г байгууллаа.
Тус аймгийн "Монгол говь" нүүдэлч малчдын холбооноос аймгийн нийт малчдын төлөөллийн хурлыг зохион байгуулж, малчдад тулгамдаж буй асуудлын талаар нэлээн хурц хөндөж малчдын сайн дурын хуралдайг байгуулан, гишүүдээ сонгон баталсан байна.
Уг "Бага хуралдай" нь 33 гишүүнтэй байх бөгөөд аймгийнхаа 14 сумаас нэг нэг малчдын төлөөлөл, Гурвантэс сумаас хоёр малчны төлөөллийг уг хуралдайн гишүүнээр сонголоо. Харин бусад гишүүдээ хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мал эмнэлгийн төлөөлөл, усны мэргэжилтэн гэх мэт малчдад зөвлөх, төр малчин хоёрыг холбох хүмүүсийг сонгосон байна. Тус хуралдай нь жилдээ хоёр удаа хуралдах бөгөөд малчдад тулгамдаж байгаа асуудал, гарах гарц зэрэг зөвхөн малчдын тухай хэлэлцэх ажээ.
Дээрх малчдын хуралдаанаар малчдад тулгамдаж буй нэлээн асуудлууд хэлэлцсэний дотор туслах малчдын эрх зөрчигдөж байгааг хурцаар шүүмжилсэн юм. Тэд хөдөлмөрийн мөлжлөгөөс гадна бэлгийн дарамтанд байдгийг ч малчид дэлгэн ярилцаж туслах малчдад зориулсан эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байгааг онцоллоо.
Д.Мишигсүрэн