Нохойн устгал өнөөдрөөс эхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд өнөөдрөөс золбин нохойн устгалын арга хэмжээ эхэлж байна.
Золбин болон өдрийн цагаар гэр, хашааныхаа ойролцоо сул хараа хяналтгүй чөлөөтэй байгаа нохой ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бие эрхтэнд нь халдаж хохирол учируулсан гомдол тасрахгүй байгаа гэнэ. Мөн төвийн орон сууцны хонгил, орцонд зэрлэг муур, нохой ихсэж иргэдийг гэрт нь оруулахгүй айлгах явдал ч гараад байгаа аж. Иймээс нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмын дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр устгал хийхээр болсон байна.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын 4,3 дахь заалтанд "Тэжээвэр нохойг шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл сул байлгаж болох ба өдрийн бусад цагт уяа болон тусгай хашаа хамгаалалтанд байлгах", 5.2 дахь заалтанд "Нийтийн эзэмшлийн газар бие засуулах, сул тавьж явуулахыг хориглоно" гэсэн байдаг ажээ. Золбин нохой устгаж эхэлж байгаатай холбоотойгоор иргэдэд гэрийн тэжээвэр нохойгоо уяатай байлгахыг анхууруулж байна.
Даланзадгад сум \хот\-ын Захирагчийн ажлын алба 2016 онд золбин нохой устгалын ажлыг 4 удаа зохион байгуулсан гэнэ.
Д.Мишигсүрэн