Боловсролын салбарынхантай гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-06 19:11:47

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өнөөдөр аймгийнхаа боловсролын салбарын захирал эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. 

Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирал гэсэн гурвалсан гэрээг байгуулж байгаа нь тэдний хүлээх хариуцлагыг өндөржүүлж байгаа ажээ. 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулснаар боловсролын салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудыг чанар хүртээмжтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Тухайлбал Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулах, Баяндалай, Цогт-Овоо сумдын сургуулийн барилгыг засварлах, Даланзадгад сумын 1, 25, 26-р цэцэрлэгүүдэд тоглоомын талбай тохижуулах, Даланзадгад сумын 5-р сургуулийн биеийн тамирын талбайг байгуулж, хашаажуулах гэх мэт томоохон ажлуудыг юм. Мөн хүүхдийг монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч авьяаслаг иргэн болгож төлөвшүүлэх “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр, хүүхэд залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх “Англи хэлтэй Өмнөговьчууд” хөтөлбөр, математикийн сургалтын чанарыг сайжруулах “Оюуны хурд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ соёл урлаг, спортын үр дүнтэй олон арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүгдэд аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцоллоо.

Д.Мишигсүрэн

相关新闻