Импортын хуурай сүүг халж, дотоодын шингэн сүүг хатаах технологийг туршиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-09 15:31:03

Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 40 хувийг гаднаас худалдан авч байна. Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр шингэн сүүг хатаах зориулалт бүхий Япон технологийг дөрвөн аймгийн сумдад туршихаар боллоо.

Засгийн газар өнгөрсөн сарын 1-нээс "Мах сүүний анхдугаар аян”-ыг орон даяар эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд  Япон улсын “Пирсай” компанийн шингэн сүүг хатаах зориулалт бүхий 60 сүүний төхөөрөмжийг орон нутагт нэвтрүүлэхээр технологийн сургалтыг ХХААЯ-нд зохион байгуулж байна.

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор өрнөж буй дээрх аяны хүрээнд “Монголиан Драй Милк” ХХК хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгийн сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж буй юм.

Монгол Улсын нийт хүн ам жилдээ 200 сая литр сүү хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүний 20 гаруй хувийг үнээний фермерүүд хангадаг бөгөөд үлдсэн хэрэгцээг импортоор нийлүүлдэг гэсэн статистик судалгаа бий. 

Манай улсын хувьд зуны улиралд сүү, сүүн бүтээгдэхүүн элбэгшиж үнэ хямдардаг бөгөөд энэ үед “Драй милк” компани шингэн сүү худалдан авч, хуурай хэлбэрт оруулан худалдаанд нийлүүлэх аж. Шингэн сүүг хатаах зориулалттай уг төхөөрөмж ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм байна.

Хуурай сүүний жижиг оврын төхөөрөмж танилцуулах уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон юм.

Тэрээр хэлэхдээ,“Манай улс 60 гаруй сая малтай ч гаднаас хуурай сүү импортоор авдаг. Монголчууд сүүгээ бүрэн ашиглах боломж хомс нөхцөлд шингэн сүүгээ хуурай болгож хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Улсынхаа дотоодын хэрэглээг бүрэн хангаад Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх  өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд хүргэх зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе. Гол нь  хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой. Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү төхөөрөмжийг 2017-2025 он хүртэл хугацаанд нэвтрүүлснээр 6000-8000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байна” хэмээн онцлов.

Ийнхүү “Пирсай” компанитай  байгуулсан гэрээний  хүрээнд Монголд эхний ээлжинд 60 ширхэг хатаагч машиныг оруулж ирэн туршилтын бүтээгдэхүүнийг гаргах  юм.  Улмаар бүх аймгуудад сүүний гарцаас хамааран тухайн бүсэд зохицсон технологийг нутагшуулах бөгөөд нийт 1000 ширхэг төхөөрөмжийг “Пирсай” компани нийлүүлэх ажээ.

Монгол хуурай сүүг ийнхүү дотоодын төдийгүй гадны зах зээлийг хангах хэтийн зорилтыг “Монголиан Драй милк” компанийнхан тавьсан байна. Мөн үйлдвэрлэл жигдэрснээр жимс, жимсгэнийг хуурай хэлбэрт оруулан өвөл, зунгүй хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх аж.

“Монголиан Драй милк” компанийн төсөл хариуцсан захирал Б.Энхтүвшин, “Манай компани дэлхийн дэвшилтэт технологийн нэг болох Японы Пирсай компанитай хамтран алслагдмал нутагт ашиглаж болохуйц жижиг оврын хуурай сүүний үйлдвэрийн технологийг нэвтрүүлж буй нь нэмүү өртөг шингэсэн, хадгалалт даадаг, тээвэрлэхэд хялбар бүтээгдэхүүн бий болгож буйгаараа онцлогтой. Мөн малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой юм. Сүүний хатаах технологи нь өртөг багатай, төхөөрөмж нь авсаархан, угааж цэвэрлэхэд хялбар гэдгээрээ талтай. Одоогоор хуурай сүүний үнийг бид хараахан тогтоогоогүй байна” хэмээн ярив.

Манай улс иргэдийн хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой юм байна. Гэвч түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, техник, технологи хуучирсан, эргэлтийн хөрөнгө тааруу зэрэг шалтгаанаас болж сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байгаа аж. Түүнчлэн манай улс жил бүр 4000 гаруй тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг бөгөөд энэ нь шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 35 орчим мянган тонн аж. 

Б.Заяа

相关新闻