Д.Ариунболд:“Эрдэнэс Тавантолгой” компанийг үр ашигтай ажиллаж буйг удахгүй нотолно
МОНГОЛЫН МЭДЭЭ“Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв болон 1072 хувьцааны талаар хуульч Б.Баяр, Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг нар өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэдний хийсэн мэдээллийн талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос тодруулахад, "Үндэслэлгүй мэдээлэл гарсан байна билээ. “Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу олборлолтоо хийж ирсэн. Эксперт Л.Наранбаатарын ярьж байгаа шиг манай компани сорчилж олборлолт хийгээгүй. Таван толгойн нүүрсний нөөц 8 жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. 2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлосон тохиолдолд Тавантолгойн ордыг 70-80 жил ашиглах ТЭЗҮ бий. Энэ нь зөвхөн коксжсон нүүрсний тооцоо. Цаана нь 0 давхаргын 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. Тус давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа орно гэсэн судалгаа гарсан. Тиймээс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхээр манай мэргэжилтнүүд төлөвлөгөө боловсруулж байна.
Өндөр өртгөөр олборлож байна гэх шүүмжлэлийн хувьд, Өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд нэг шоо метр уулын цулыг 4.3 ам. доллараар олборлох гэрээ хийснийг хэлж байх шиг байна. Одоо ч уг гэрээг хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Харин Цанхийн баруун уурхайн нэг шоо метр уулын цулыг 5900 төгрөг буюу 2.3 ам.доллараар олборлож эхэлсэн. Ажлаа аваад 2.3 ам.доллараар олборлох гэрээ хийсэн” гэлээ.
Харин “Эрдэнэставантолгой”-н өрийн асуудалд тэрээр,“Эрдэнэс Тавантолгой” компани бол хэд, хэдэн Засгийн нүүр үзсэн. Зарим нэг балансын өр авлагын тооцоо бий.
Түүнээс хамгийн том нь “Чалко”, TTJVCO компанид төлөх өр юм. Сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний үр дүнд өрийг нэлээн дундалсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэсэн нь ташаа мэдээлэл юм. Бид хоёр сарын хугацаанд багтааж “Чалко”, TTJVCO компанид өр ширээ барагдуулахаар ажиллаж байна. Энэ өрийг ирэх дөрөвдүгээр сард барагдуулснаар манай компанийн үр ашигтай ажиллаж буйг нотолно байх" хэмээн мэдэгдлээ.
Дашрамд дурдахад Сангийн яаман дээр Засгийн газрын тогтоолоор томилогдсон ажлын хэсэг гарч 1072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгахаар ажиллаж буй аж.
Б.Заяа