С.Бямбацогт:Ипотекийн зээлийг бага хэмжээгээр, өндөр шалгууртай өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-15 10:45:43

УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт Ховд аймагт  энэ сарын 19 хүртэл ажиллах тусгай хөтөлбөрийн хүрээнд өөрийн сонгогдсон тойрог болох Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Наран, Тахилт багийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулаад гадна төрөөс ахмадуудын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэр оновчтой байгаа эсэх дээр ахмадуудын санал шүүмжлэлийг сонсож, асуултанд хариуллаа.

Хуульзүйн сайдтай хийсэн  уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон Бичигт, Наран, Тахилт багуудаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ уулзалтын үеэр С.Бямбацогт Бичигт багийн 30, Тахилт багийн 26, Наран багийн 34, Баатархайрхан багийн 32 нийт 122  75-аас дээш насны ахмадад цагаан сарын  тавгийн идээ бэлэглэж хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр иргэдээс хамгийн их гарч байгаа саналуудад Сайд С.Бямбацогт дараахь хариултуудыг өгсөн юм. Тэрээр, ипотекийн зээл үргэлжлэх үү гэсэн асуултанд “Цаашид ипотекийн зээл үргэлжлэх боловч бага хэмжээгээр, өндөр шалгууртай өгнө. Их хэмжээгээр өгөхөд улс орны эдийн засаг хүнд байгаа”гэв.

Ховд аймгийн БОЭТ-ийн шинэ барилга хэзээ эхлэх вэ гэсэн асуултанд “Кувейтууд анх Монголд зээл олгохоор тохирохдоо төрийн ордон барих зээл олгохоор тохиролцсон. Харин өмнөх Засгийн газар энэ мөнгөөр Баруун бүсийн БОЭТ барина гэж төсөвлөснийг тэд эсэргүүцэж зээлээ зогсоосон байгаа. Тиймээс манай Засгийн газар БОЭТ барих шинэ эх үүсвэр хайж байна. Удахгүй шийдвэрлэнэ”гэж хариуллаа.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх талаар эхчүүдийн асуултад “Удахгүй бид дотроо олон зүйлийг багтаасан цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гээд ажиллаж байна”, хуулийн биелэлт хэрэгжилтэнд хяналт тавьж, хуулийг чангатгах хэрэгтэй байна гэсэн асуултанд “Үүнд санал нэг байгаа. Хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангах асуудал сул байгаагаас Монголын нийгэм шат шатандаа завхрал бий болоод байна. Үүнийг салбарын сайдын хувьд чангатгана” гэж хариулсан юм.

А.Бямбасүрэн

 

相关新闻