Тэмээний баярын мандат 50 ам.долларын үнэтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьт уламжлалт тэмээний баярын арга хэмжээ болох гэж байна.
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тус аймгийн Булган суманд болох уг баярыг 1997 оноос “Түмэн тэмээ -Тэмээн Аяллын Холбоо” санаачлан жил зохион байгуулж ирсэн юм. 20 жилдээ зохион байгуулж байгаа энэхүү түмэн тэмээний баяр нь дэлхийд ховор, хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх шилдэг менежмент, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент болж чадсан ажээ.
Уг баярын үеэр тэмээний уралдаанаас гадна тэмээн поло тэмцээн, тэмээний парад жагсаал, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээтэй буухиа зэрэг тэмээтэй холбоотой уралдаан тэмцээнүүд болно гэж зохион байгуулагчид мэдээлж байна.
Мөн тэмээний баярын үеэр Монголын үндэсний тоглоом шагай харвааны тэмцээн, "Тэмээ миний найз" сэдэвт гар зургийн уралдаан болох бөгөөд зөвхөн тэмээний гаралтай бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болох аж.
Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох “Мандат” олгох бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд 50 ам.доллар, дотоодын иргэдэд 20.000 төгрөг төлж мандат авч болох юм. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл тодорхой зайд автомашинтай явж зураг авах, уралдаан, тэмцээний талбайд зураг авах зэрэг давуу эрхээр эдлэх бөгөөд баярын үед мандатаа биедээ ил зүүж явахыг анхааруулж байна.
Д.Мишигсүрэн