Нүүрс тээвэрлэдэг гурван жолооч нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг гурван жолооч өнгөрсөн шөнө нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдний нэг нь Цогтцэций сумын нутагт нөгөө хоёр нь Ханбогд сумын Цагаан хадны орчимд нас баржээ. Зургаан жолооч хамтдаа хоол идэж архи уугаад нэг нь уурхай руугаа, нөгөө тав нь хил рүү явсан юм байна. Шүүх эмнэлгийн шинжээч нарын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хамтдаа хооллож архи уусан гурван жолооч нь Ханбогд сумын хүний эмнэлэгт эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаад аймгийн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Уурхайн амнаас 90 клометрт байх гуанзанд хоол идэж архи уусан хэмээн мэдээлж байгаа бөгөөд архины хордлого уу, хоолных уу гэдэг нь тогтоогдоогүй байгаа юм. Тус аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл 70 орчим гэр гуанз үйлчилгээ үзүүлж байдаг ажээ.
Д.Мишигсүрэн