Цагдаагийн алба хаагчдын сахилгын зөрчил 50 хувь буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын ажилтнуудаас энэ оны эхний улиралд 4 алба хаагч сахилгын 2 зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч 71,4 хувь, зөрчил 50 хувиар буурсан байна гэж сахилга хариуцлагын зөвлөлгөөнөөс дүгнэсэн байна.
Аймгийн хэмжээний алба хаагчдыг бүрэн хамруулсан зөвлөлгөөнд замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Батхуяг “Алба хаагчдын сахилга хариуцлагын байдал, цаашид анхаарах асуудал“ сэдвээр мэдээлэл хийж, алба хаагчийн сахилга хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх талаар хэлэлцүүлэн, аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо үүрэг чиглэл өглөө.
Сахилга хариуцлагын зөвлөлгөөний үеэр шинээр томилогдсон алба хаагч нараас авлига авахгүй, ёс зүйн ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авсан байна.
М.Батжаргал