Эрчимжсэн аж ахуй байгуулах талаар сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ “Тариаг тархидаа ургуулж газарт тарьдаг” гэдэг шиг бэлчээрээ ашиглах, хамгаалах сэтгэл, мэдлэгийг малчдад төдийгүй төрийн бодлогод суулгах хэрэгтэй гэж Монгол Улсын зөвлөх мал зүйч Ч.Арилдий хэллээ.
“Зах зээл, бэлчээрийн удирдлага, хөгжил” төслөөс Булган аймагт зохион байгуулсан “Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гарц, чанарыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр энэ асуудлыг малчидтай ярилцаж санал солилцсон байна. Энэ төсөлд тус аймгийн өмнө зүгийн Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумын малчид хамрагдаж байгаа аж.
Төсөлд хамрагдсан сумын малчдын төлөөлөлд мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шилмэл омог, үүлдрийн малын ашиг шимийн үзүүлэлт, нутгийн монгол малын үржлийн чанарыг сайжруулах, сүү махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулах талаар сургалт хийлээ.
-Бэлчээрийг зүй зохистой ашигласнаар мал аж ахуйн цаашдын үйлдвэрлэлийн үр ашиг шалтгаална. Энэ асуудлыг эдийн засаг, татварын бодлогоор зохицуулах шаардлага бий. Нөгөө талаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж байгаль орчинд халгүй, бэлчээрийн даацад нийцүүлэн энэ салбарын үйлдвэрлэлийг зохицуулах мэдлэгийг малчдад олгоно. Сургагч багш нар бэлтгээд нийт малчдад бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, түүнд тохирсон өндөр ашиг шимтэй малтай байх талаар тодорхой мэдлэг олгохыг зорьж байна гэж төслийнхөн ярьж байна.
М.Батжаргал