Тээврийн хэрэгслийн явуулын оношилгоонд 6500 гаруй автомашин хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-21 15:41:11
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 2017 оны тээврийн хэрэгслийн техникийн явуулын үзлэг оношилгоо 24 суманд хийгдэж дуусчээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хийгдэж эхэлсэн техникийн явуулын үзлэг оношилгоо зургадугаар сарын 20-нд дууссан байна. Харин Улиастайн төвд 2017 оныг дуустал энэ ажил явагдах юм байна.
Завханы 24 сумаар явагдсан явуулын техникийн оношилгоонд 6588 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Явуулын үзлэг оношилгооны үеэр автомашины гэрэл дохио дутуу, бүхээгний иж бүрдэл бүрэн бүтэн биш, автомашины шил хагархай, автомашины дугуйны элэгдэл их зөрчлүүд нийтлэг гарчээ. Түүнчлэн иргэд шинэ он гарсан даруйд автомашинаа үзлэг оношилгоонд хамруулдаггүй, татвараа бүрэн төлдөггүй хугацаа алдаж байнга торгууль төлж байгаа зөрчлүүд их гарч байгааг анхаарах шаардлагатай хэмээн аймгийн автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Дашрамд Завхан аймаг нийт 12582 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд аймгийн төв Улиастай суманд 4479 тээврийн хэрэгсэл, бусад сумуудад 8103 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Б.Мягмарсүрэн 
相关新闻