Хуванцар саванд хоносон усны нитритийн агууламж төвлөрсөн сүлжээнийхээс 11 дахин их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-22 17:28:23
Завхан/МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн сан, Нидерландын Засгийн газрын GGA -гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улиастай сумын Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх нөлөөлийн төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд хуванцар савны хор хэрхэн нөлөөлж байгааг судлах, ундны усыг шинжилгээнд хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 60 өрхөд эрүүл мэндийн судалгаа хийх ажээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан өрхийн гишүүддээ эрүүл мэндийн сургалт хийж, үзлэгт шинжилгээнд хамруулан үр дүнг тооцох юм байна.  Тиймээс төслийн багаас  Богдын гол багийн өрх, гэр, иргэдийн хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа хуванцар савыг хэрэглүүлэхгүй байх, төмөр саванд ундны усаа хадгалах аяныг өрнүүлээд байгаа аж.
Судалгаа дуусаагүй байгаа бөгөөд судалгаа нөлөөллийн дүнд тус багийн нийт иргэдийн хуванцар савны хэрэглээг 70 хувь бууруулах зорилт тавьжээ. Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглэснээр хүний мэдрэлийн системийг хордуулдаг байна. Иргэд хуванцар савыг эрүүл мэндэд хортой хар тугалгын агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай.
Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж хоёр дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/, аммиакийн агууламж 48 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,17 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 8,23 мг/л/ гарсан байна.
Б.Мягмарсүрэн 

 
相关新闻