Оёдлын үйлдвэрийн барилгын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-03 17:25:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор тцс аймагт Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ байгуулагдсан.  Тэгвэл энэхүү ҮТП-ийн дэргэдэх анхны үйлдвэр болох "Сүхбаатар проимпекс оёдлын үйлдвэр”-ийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Оёдлын үйлдвэрийн барилгыг 45 хоногийн хугацаанд барьж дуусгах гэрээтэй бөгөөд ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

2016-2020 оны үндсэн чиглэлийн гол зорилго бол үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэр байгуулах замаар ажлын байр бий болгож ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх. Энэ хүрээнд хэд хэдэн үйлдвэр шинээр байгуулахаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Тэгвэл хөтөлбөрт тусгагдсан ажил эхнээсээ биелэлээ олж, ийнхүү оёдлын үйлдвэрийн барилгын ажил эхлээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсоноор 100 орчим ажлын байр шинээр бий болох юм.

“Одоогоор ажилчдаа бүртгэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран оёдлын сургалт явуулсан, мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын ангийг төгсөгчдөөс ажилд авна. Оёдолчдоос гадна харуул хамгаалалт, инженер техник, үйлчилгээний ажилтан гээд бусад ажлын байрууд мөн дагаад шинээр бий болох юм. Ингээд нийт 100 орчим хүнийг бид тогтмол ажлын байраар хангах бүрэн боломжтой. Удахгүй сонгон шалгаруулалт зарлагдана...” гэдгийг "Сүхбаатар Проимпекс" ҮТП-ийн дэргэдэх Оёдлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ж. Сүхчуулуун хэллээ.

Оёдлын үйлдвэрийн барилгын гүйцэтгэгчээр "Сайнхүү констракшн"  ажиллаж байгаа бөгөөд 45 хоногийн хугацаанд барьж дуусгах гэнэ. Эсгүүрийн, оёдлын, уулзалтын, ажилчдын хувцас солих, агуулах, эрэгтэй эмэгтэй 00, душ зэрэг өрөө тасалгаануудтай, хоёр давхар сэндвичэн барилга байх аж.

“Бид анх засгийн ажлыг авчихаад ямар ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай вэ гэдгээ томъёолсон. Мэдээж аймагт ажлын байр хомс, залуучууд маань ажилгүй, орлогогүй байсан учир нэн тэргүүнд шинэ ажлын байр бий болгохыг зорьсон. Ингээд хэд хэдэн төрлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн юм. Төлөвлөгөө маань ч биелэлээ олж, ийнхүү ажил хэрэг болж байна. Энэ сайхан өдөр шинэхэн үйлдвэрийнхээ шавыг тавьж байгаад үнэхээр баяртай байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор  төлөвлөж байснаас хэд хоног хойшиллоо. Ер нь манай үйлдвэрүүд иргэдийн дунд хүлээлттэй байгаа гэж хэлж болно. Оёдлын үйлдвэр маань ийнхүү барилгаа эхлүүллээ, удахгүй ашиглалтанд орно. Энэ үйлдвэр маань эхлээд аймаг орон нутгийнхаа хэрэгцээг хангах бол алс хэтдээ бүсийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай үйлдвэр болох юм. Үйлдвэрийн менежмент, үйл ажиллагааг улсдаа олон жил энэ чиглэлээр ажилласан дадлага туршлагатай хүмүүс удирдан явуулах учир бидэнд одоо урагш харж ажиллах л үлдээд байна...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр хэллээ.

Тус оёдлын үйлдвэр нь хатуу болон зөөлөн эдлэл гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Т.Одончимэг
 
相关新闻