ИТХ бизнес эрхлэгчидтэй хамтран баяр наадмын хямдралтай худалдаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-21 13:44:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хямдралтай худалдааг төрийн байгууллага бизнес эрхлэгчидтэйгээ хамтран зохион байгууллаа. Аймгийн ИТХ-аас санаачлан энэхүү хямдралтай худалдааг зохион байгуулсан бөгөөд томоохон худалдааны төвүүд, МХАҮТ-ын гишүүн байгууллага, бизнес эрхлэгчид оролцлоо.

Сүхбаатар аймгийн баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Төрийн байгууллагууд, зохион байгуулагчид төдийгүй ард иргэд ч баяр надамдаа бэлтгэн Баруун-Урт сум хөл хөдөлгөөн ихтэй байна. Мэдээж хүн бүр баяр наадмаараа гоёж гоодон, айл бүр идээ будаагаа арвин байлгахыг зорьдог. Тийм ч учраас иргэддээ дэмжлэг болгож тус хямдралтай худалдааг анх удаа зохион байгуулсан нь энэ юм. Монгол үндэсний болон бусад загварын хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, хүнс, гэр ахуй, гоо сайхан, тоглоом наадгай гээд иргэд өөрсдийн хүссэн бүх бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр худалдан авч байгаадаа сэтгэл хангалуун байсан тул зохион байгуулагчдын зүгээс тус хямдралтай худалдааг жил бүр зохион байгуулана гэдгээ аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат мэдэгдэв .

Хямдралтай худалдаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Т. Одончимэг
 
相关新闻