МУИС “Оюутны хөгжлийн жил”-ийн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-17 17:07:00

Өнөөдөр тохиож буй Олон улсын оюутны эрхийн өдрөөр МУИС нь “Оюутны хөгжлийн жил”-ийн нээлтээ хийж оюутан залууст үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа.

Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат нээлтэд хэлэхдээ, “МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачилгад түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцлийг сайжруулах, оюутны хөгжлийг хангах үүднээс энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Улмаар МУИС-д биеэ даасан Оюутны алба үүсэн байгуулагдаж байна. Энэ алба нь оюутанд хүрэх үйлчилгээг үндсэн чиг үүрэг болгож ажиллах юм. Мөн бид оюутны албаныхаа чиг үүргийн хүрээнд оюутныг хөгжүүлэх, оюутны оролцоо санал санаачилгад тулгуурлан оюутны хөгжлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Оюутан залуус өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл, итгэл зүтгэлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Өдгөө МУИС-д 20 мянга гаруй оюутан суралцдаг. Оюутны алба нь оюутныг чиглүүлэх, зөвлөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотуур байр, орон сууцны үйлчилгээ, оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, оюутан солилцоо, сайн дурын ажил, эрүүл мэнд, спорт, соёлын үйлчилгээ, төгсөгчид болон оюутны байгууллага, гадаад оюутныг дэмжих зэрэг үйлчилгээг үзүүлж оюутнуудад зөвлөгөө өгөх юм.

Энэхүү арга хэмжээг бүрэлдэхүүн сургууль тус бүрт зохион байгуулж оюутан залууст эрүүл мэндийн даатгал, төрийн сангийн зээл, гээгдүүлсэн оюутны үнэмлэх авах зэрэг мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан үзүүлсэн юм.

Ж.Болор

 

相关新闻