Баян-Өлгийн сургуулиудад ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдэг дээр тус сургуулийн захиргаа, "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан "Иргэдийн дуу хоолой" уулзалтын үеэр санал нэгдлээ.
Уулзалтад сумын удирдлага, сургуулийн зөвлөл, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцож, сургуулийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн саналаар дээрх асуудлыг эн тэргүүнд шийдэхээр болжээ.
Сургуульд хичээлийн гурван корпус байдгаас зөвхөн үндсэн корпус нь бохирын шугаманд холбогдсон ариун цэрийн байгууламжтай аж. "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас хоёр дахь корпусыг нь стандартад нийцсэн бие засах газартай болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Харин үлдсэн хичээлийн байрны ариун цэврийн байгууламжийг зураг төсвийг нь хийлгэсэн тохиолдолд аймгаар дамжуулан яаманд уламжилж шийдвэрлүүлэхээ Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар уулзалтын үеэр мэдэгдлээ.
Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль 1700 гаруй сурагчтай бөгөөд сургуулийн бие засах газар ердөө 18 суултууртай байгаа нь БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2015 онд баталсан "Цэцэрлэг, сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага"-д заасан хэмжээнээс хэд дахин бага байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн хүртээмж, аюулгүй байдал нь Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагуудын өмнө тулгамдсан томоохон асуудлуудын нэг юм. Албан бус мэдээллээр аймгийн нийт сургуулиудын 95 хувь нь хөрс бохирдуулагч энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Өнгөрсөн онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг шийдвэрлэхийг аймаг, сум, дүүргийн ИТХ, Засаг даргад үүрэг болгосон ч тус аймагт энэ чиглэлээр дорвитой ажлууд хараахан хийгдэж эхлээгүй байгаа юм.
Ө.Нурболат