Ц.Хулангийн "Монгол ардын суут" жүжгийг казах хэлээр тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-19 13:35:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн “Монгол  ардын суут” драмын жүжгийг энэ сарын 20-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт "Гуламанын гумыры" нэртэйгээр казах хэлээр тоглохоор болжээ.

Орон нутагт анх удаагаа тавигдах гэж байгаа бүтээлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Р.Сураган орчуулж, Соёлын тэргүүний ажилтан М.Ертай ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа аж.

“Монгол ардын суут” жүжгийг шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд 2016 онд Улаанбаатар хотноо анх тавигдаж байжээ.

Маргааш 19:00 цагаас эхлэх жүжгийг ард иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтойг театрын захиргаанаас мэдэгдээд байна.

Ө.Нурболат
相关新闻