"Би хариуцлагатай иргэн" аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар Өлгий сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн “Би хариуцлагатай иргэн” аяныг өчигдрөөс эхлүүллээ.
2018 оны эхний хоёр сарын байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт 31 холбогдогчтой, 24.8 сая төгрөгийн хохиролтой 56 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, иргэдийн хариуцлагагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох сонирхол, хувь хүний ёс суртахуун, төлөвшил, хүлээцгүй байдал, зүй зохисгүй архидалт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд "Би хариуцлагатай иргэн" аяныг “Хариуцлагатай ирээдүй-хариуцлагатай өнөөдрөөс эхэлнэ” уриатай эхлүүлсэн байна.
Тус аян нь ирэх сарын 28-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргийн үр дагавар, хор уршгийг тайлбарлах зэрэг соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулах аж.