Электроникч залуу сумынхаа тавилгын хэрэгцээний 40 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-20 23:39:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийг электроникч мэргэжлээр төгссөн А.Худыс гэх залуу өөрийн төрсөн нутаг Цэнгэл сумд тавилгын цех нээж, сумынхныхаа хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна.

Одоогоор гал тогооны тавилга, хувцасны шүүгээ, ор, ширээ, сандал, тавиур зэрэг арваад төрлийн бүтээгдэхүүнийг янз бүрийн загвар, дизайнаар үйлдвэрлэдэг ба хоёр хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа аж.

Уг ажлыг Улаанбаатар хотод оюутан байхдаа хятадын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байх үедээ сурчээ. Тэрбээр, бизнесийн салбарт хүч үзэх болсон шалтгаанаа "Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ хийх ажил олдоогүй тул хувиараа бизнес эрхлэхээр шийдсэн юм. Аав, ээжийнхээ дэмжлэг, өөрийн хүч бололцоогоороо 2017 онд Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирж ажлаа эхлүүлж байлаа" хэмээн тайлбарлалаа.

Тус цех нь үйлдвэрийн түүхий эдийг Улаанбаатар хотоос татдаг байна. Сардаа хоёроос гурван сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс саяхан сумын төвд "Цэнгэл мебель" нэрийн дэлгүүрээ нээжээ. Гэвч орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрүүдэд хараахан хамрагдаж чадаагүй ажээ.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, орчин  үеийн загвараар буйдан үйлдвэрлэхээр зорьж байгаагаа тэрээр хэлж байлаа.

 

Ө.Нурболат

相关新闻